Дэлхийд ховордож буй мазаалай баавгайг хамгаалах, олон улсад сурталчлахын тулд Монголбанк нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Мазаалай” нэртэй мөнгөн зоос цутгуулж, олон улсын цуглуулагчдад санал болголоо. Уг зоосыг 999-ийн сорьц бүхий цэвэр мөнгөөр 38.61 мм-ийн диаметртэйгээр цутгасан аж. Энэ зоосоо 300 мянган төгрөгөөр худалдахаар үнэ тогтоосон байна.
Мазаалай баавгайг “Улаан ном”-д бүртгэсэн байдлаас харвал 1960-1970 онд 15-20 гаруй, 1980- аад оны эхээр 25-30 толгой тоологдож байжээ. Тэгвэл хамгийн сүүлийн судалгаагаар 30 хүрэхгүй тоо толгой үлдсэн гэж үзсэн аж. Мазаалай баавгайн хооллодог ургамал, шавьж ховордсон нь тоо толгой нь буурах шалтгааны нэг болсон гэж судлаачид үздэг. Эрдэмтэд мазаалайг аврахын тулд янз бүрийн тэжээл байгальд тавьдаг ч хүний гараар бэлтгэсэн зүйлийг төдийлөн иддэггүй гэнэ.