Трампын эхлүүлсэн дайн Ираны цөмийн чадавхийг сааруулж чадаагүй

Иран цөмийн зэвсэг бүтээх боломжийг зогсоох нь дайны эхэнд дэвшүүлсэн гол зорилтуудын нэг байв.

Дональд Трамп болон Батлан хамгаалахын сайд Пит Хегсет нарын дайны эхэнд дэвшүүлсэн гол зорилтуудын нэг болох Иран улсыг цөмийн зэвсэг бүтээхээс сэргийлэх зорилго төдийлөн биелээгүй байж болзошгүйг АНУ-ын тагнуулын үнэлгээнүүд харуулж байна.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, хоёр сарын хугацаа өнгөрсөн ч Техраны цөмийн хөтөлбөр өнгөрсөн жилийн АНУ-ын довтолгооны үеийнхтэй ерөнхийдөө ижил хэвээр байгаа аж. 

Энэ оны хоёрдугаар сарын 28-нд дайн эхлэхэд АНУ-ын зүгээс тавьсан эхний зорилго нь Ираны цөмийн хөтөлбөрийг сааруулах байв.

2025 оны зургаадугаар сард хэрэгжсэн “Operation Midnight Hammer” ажиллагаа Ираны цөмийн чадавхийн хугацааг 9 сараас нэг жилээр хойшлуулсан гэж үзэж байгаа ч энэ удаагийн цэргийн ажиллагаанд АНУ-ын арми цөмийн байгууламжуудыг шууд онилохоос зайлсхийсэн тул томоохон өөрчлөлт гараагүй гэж мэдээлжээ.

Өнгөрсөн жил 12 хоног үргэлжилсэн дайнаас өмнө АНУ-ын тагнуулын байгууллагууд Иран 3–6 сарын дотор цөмийн бөмбөг хийх хэмжээний өндөр баяжуулсан уран үйлдвэрлэх боломжтой гэж үнэлж байлаа.

Пентагонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Пит Хегсетээс тагнуулын үнэлгээ “буруу байсан уу” гэж асуухад тэрээр уг мэдээллийг “таамаглал” хэмээн няцаажээ.

“Бид тагнуулын мэдээллийн нарийвчилсан зүйлсийг хэлэлцдэггүй. Үүнийг зөв эсэхийг баталж ч, үгүйсгэж чадахгүй” хэмээгээд “Operation Midnight Hammer” ажиллагаа Ираны цөмийн хөтөлбөрийг бодитоор хойшлуулсан болохыг онцолсон байна.

Цагаан ордон мөн ижил төстэй мэдэгдэл хийж “Operation Midnight Hammer нь Ираны цөмийн байгууламжуудыг бүрэн устгасан бол Operation Epic Fury нь үүний амжилтыг үргэлжлүүлж, Ираны батлан хамгаалахын аж үйлдвэрийн суурийг сүйтгэсэн. Энэ суурь нь тэдний цөмийн зэвсэг боловсруулах оролдлогыг хамгаалах бүрхүүл болж байсан” гэв.

Үндэсний тагнуулын газрын дарга Тулси Габбард гуравдугаар сарын 18-нд Сенатад мэдүүлэхдээ, Трамп хоёрдугаар сард агаарын цохилт өгөхөөс өмнө Иран бөмбөгдсөн байгууламжуудаа сэргээн босгохыг оролдсон нотолгоо байхгүй гэж мэдэгдсэн.

Өнгөрсөн долоо хоногт Конгресст есөн цагийн турш мэдүүлэг өгөхдөө Пит Хегсет “Operation Midnight Hammer”-ийн дараа ч Иран цөмийн зорилгоосоо татгалзаагүй гэдгийг хууль тогтоогчдод хэлсэн юм.

Төлөөлөгчдийн танхимын Зэвсэгт хүчний хорооны тэргүүлэх Ардчилсан намын гишүүн Адам Смит Хегсеттэд хандан, дайн биднийг өмнөхтэй яг адил нөхцөлд оруулсан хэмээн шүүмжилжээ.

“Та 60 хоногийн өмнө энэ дайныг эхлүүлэх шаардлагатай гэж хэлэхдээ цөмийн зэвсэг ойрын аюул болсон гэж мэдэгдсэн. Одоо та бүрэн устгасан гэж хэлж байна уу?” хэмээн тэр асуусан байна.