Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар нар мэндчилгээ дэвшүүллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээ
Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ойн баярын мэндийг үе үеийн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын ажилтан, ажиллагсад Та бүхэнд өргөн дэвшүүлье.
Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, ард иргэдийнхээ мэдэх эрхийг хангахад Та бүхний оруулж байгаа хувь нэмэр асар их гэдгийг онцлон тэмдэглэе.
Та бүхэн ажил, мэргэжлийнхээ нэр хүнд, үнэ цэн, ёс зүйг эрхэмлэж, үүрэг, хариуцлагаа гүнээ ухамсарлан, үндэсний эрх ашгаа ямагт дээдэлж, ард түмнийхээ эв нэгдлийг хангах, аливаа хууль бус үйлдэлтэй тэмцэх, нийгэмд шударга ёс тогтоох, иргэдээ сайн сайханд уриалан дуудах зэрэгт манлайлан ажиллана гэдэгт итгэл төгс байна.
Та бүхний үзэг хурц, үг мэргэн, үйлс ариун байхыг хүсэн ерөөе. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.
Ерөнхий сайд Г.Занданшатарын мэндчилгээ
Монголчууд өөрсдөө бие даан эрхлэн гаргасан анхны хэвлэл болох “Шинэ толь хэмээх бичиг” сонины тэргүүн дугаар хэвлэгдэн гарсан түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Хараат бус, ёс зүйгээ эрхэмлэсэн, мэргэжлийн, чөлөөт хэвлэл бол ардчилсан нийгмийн оршин тогтнох үндэс билээ.
Хэвлэлийн эрх чөлөөг дордуулсан “Албаны нууц” гэх дардсаар олон нийтийн мэдэх эрхэд хаалт тавьж, авлига, хулгайгаа халхавчилдаг шударга бус тогтолцоог цэгцлэхээр Засгийн газар зорин ажиллаж байна.
Шийдвэр гаргах түвшинд иргэдийн дуу хоолойг хүргэж, нийгэмд шударга үнэний гэрэл гэгээг тусгаж буй хэвлэл мэдээллийн салбарынханд Үндэсний сэтгүүл зүйн 113 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

















































