Финландын Туркугийн их сургуульд жил бүр 5 хүртэлх оюутан суралцуулна

Боловсролын сайд П.Наранбаяр Финланд Улсын Турку хотод ажиллаж байна. Тэрээр Туркугийн их сургууль болон Боловсролын судалгааны хүрээлэнд зочилж, дэд ректор Др. Тапио Салакоски тэргүүт албаны хүмүүстэй уулзжээ. 

Тус сургуулийн боловсруулсан “Eduten” цахим математикийн сургалтын платформоор 650 гаруй сургуулийн 1–9 дүгээр ангийн 696,000 сурагч технологи, хиймэл оюун ухаанд суурилсан математик сургалтын хөтөлбөрт хамрагдаж буй.

Энэ удаагийн уулзалтаар  МУБИС болон Туркугийн их сургууль хооронд 2023 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, багш бэлтгэх тогтолцоог бэхжүүлж, боловсролын судалгаа, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцжээ.

Уулзалтын үеэр Туркугийн их сургуулийн боловсруулсан, дэлхийн 20 гаруй улсад хэрэгжиж буй үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг KiVa хөтөлбөрийн арга зүйг “Аюулгүй сүлжээ” үндэсний санаачилгатай уялдуулан, туршилтын байдлаар нэвтрүүлэх талаар ярилцжээ.

Энэхүү хөтөлбөр нь зөвхөн дээрэлхэгчийг шийтгэхэд бус, харин анги хамт олны соёлыг өөрчилж, ажиглагч сурагчдыг “хамгаалагч”  болгон төлөвшүүлэх зарчимд суурилдгаараа онцлогтой юм. 

Түүнчлэн боловсролын судалгааны үндэсний хүрээлэн болон Финландын холбогдох судалгааны байгууллагууд ирээдүйн боловсролын үнэлгээ, шинэчлэл, судалгаанд суурилсан бодлого боловсруулах чиглэлээр хамтран ажиллахаар болов. 

Мөн “Ерөнхийлөгчийн илгээлт–2100” хөтөлбөрийн хүрээнд Туркугийн их сургууль Монгол Улсаас жил бүр 5 хүртэлх оюутан хүлээн авах боломжийг дэмжихээ илэрхийлжээ.

Эх сурвалж: Боловсролын яам