ТҮҮХЭН ӨДӨР: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн, дөнгөж сая баталлаа. Ингэснээр өнгөрсөн зургаадугаар сараас хойш олон сарын турш, бүх түвшинд хэлэлцсэн хуулийн төслийг батлав.

Эрх баригч МАН 2016 онд парламeнтын засаглалаа бэхжүүлэхийн тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэж амласан юм. Иймд УИХ-ын 62 гишүүн зургадугаар сарын 6-ны өдөр УИХ-ын даргад төсөл өргөн барьсан юм.        

Энэ удаагийн Үндсэн хуулийн төсөлд судлаачид, иргэдийн санал тусгаснаараа ихээхэн онцлогтой.  

Хэдийгээр гурван удаагийн хэлэлцүүлгийн явцад анхны төслөөс зарим чухал заалт хасагдсан ч төслийн ноён нуруу хэвээр үлдсэн гэж Үндсэн хууль судлаачид дүгнэж байна.     

ИЙНХҮҮ МОНГОЛ УЛС ҮНДСЭН ХУУЛЬДАА НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА

Шинэ Үндсэн хуулийн гол үзэл баримтлал юу вэ?

  • 2000 онд оруулсан, дордуулсан 7 заалтаас 6-г засав.
  • Засгийн газрыг тогтвортой, үр нөлөөтэй болгохын тулд Засгийн газрыг огцруулах босгыг өндөрсгөв.
  • Давхар дээлийг хязгаарлав.
  • Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлнэ.
  • Үндэсний зөвшилцлийг хангасан. 
  • Сонгуулийн холимог тогтолцоог заасан.
  • Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалд нийцсэн.
  • Монгол улсын аюулгүй байдал, ардчилал, хүний эрхийн хамгаалалт, тогтвортой хөгжлийн суурийг бэхжүүлэх дорвитой өөрчлөлт авчирна.
  • Засгийн газарт тавих парламентын хяналтыг сайжруулж, хууль тогтоох ажиллагааг чанаржуулна.
  • Улс төрийн намыг бэхжүүлнэ.
  • Сонгуулийн тогтолцоог иргэний сонгох эрхийн шаардлагад нийцүүлнэ.
  • Шүүхийг хараат бус, шударга болгоно.
  • Нутгийн удирдлагыг боловсронгуй болгох, байгалийн баялаг ашиглах зарчмыг тодорхой болгоно.

Eрөнхийлөгч Х.Баттулга ард нийтийн санал асуулгад хориг тавьсан ч түүний ирүүлсэн саналаас 15-ыг нь шинэ хуульд тусгажээ. ХҮН зэрэг намын бүтээлч саналуудаас нэлээд нь төсөлд багтжээ. Хамгийн гол нь 2017 оны дөрөвдүгээр сард зөвлөлдөх санал асуулга явуулан, үр дүнд нь боловсруулсан төслийг мөн оны 7-8 сард олон нийтээр хэлэлцүүлэхэд 327 мянган иргэнээс санал ирүүлжээ. Эдгээр саналаас хамгийн өндөр дэмжлэг авсныг нь төсөлд тусгасан юм.

ТӨСЛӨӨС ХАСАГДСАН ЗААЛТУУД

  • Анх УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төсөлд Үндсэн хуулийн 70 зүйлийн 24 зүйл, 50 гаруй заалтыг хөнджээ. Гэвч II хэлэлцүүлгээр дэмжигдсэн төсөл нь 19 зүйл, 34 заалтыг хөндсөн юм. 
  • мэргэжлийн голдуу хүмүүс УИХ-ын гишүүдийг тоог нэмэх, ерөнхийлөгчийг УИХ-ын өргөтгөсөн бүрэлдэхүүнээс сонгох хэрэгтэй гэж үздэг бол иргэдийн дийлэнх үүнийг дэмжихгүй байгаа тул хасагдсан.   
  • УИХ хоёр танхимтай болох нь зөв гэдэг ч энэ нь зайлшгүй шаардлагатайг харуулсан судалгаа байхгүй, суурь шинжтэй хэт олон нэмэлт, өөрчлөлт хийхэд хүргэх учраас энэ удаа татгалзсан.
  • Төгсгөлд нь хэлэхэд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор, Ажлын дэд хэсгийн гишүүн О.Мөнхсайхан “ҮХНӨ батлагдсан төдийгөөр энэ бүхэн биелэхгүй. Энэ УИХ ҮХНӨ-ийг амжилттай батлаад зогсохгүй түүнийг дагаж гарах 30 шахам хуулийг сайн боловсруулж батлах, зөв хэрэгжүүлэх ажлыг хийж чадвал үр дүн гарна” гэснийг сануулъя.