Б.Чойжилсүрэн: Ард иргэдийг лаа, шүдэнз бэлтгэх хэмжээнд хүргэхгүй байх

УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Эрчим хүчний зорилт болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явц, тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээлэл сонсож байна. 

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем төвийн, өмнөд, баруун, Алтай, Улиастайн гэсэн таван хэсгээс бүрдэж байна. Сүүлийн хэд хоногт буюу -30 градус давж хүйтэрсэн өдрүүдэд тухайлбал, XI сарын 29-ний 19:00 цагт төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал 1441 мВт хүрлээ. Энэ нь өмнөх оны хамгийн их ачааллаас 54 мВт-аар буюу дөрвөн хувь, өмнөх оны мөн үеийнхээс 134 мВт-аар буюу 10 хувиар их байна. Энэ оргил ачааллыг эрчим хүчний салбар суурилагдсан бүрэн хүчин чадлаараа ажиллаж, ОХУ-аас 270 мВт-ын импортын цахилгаан эрчим хүч авч байж давлаа. Өөрөөр хэлбэл, дөрвөн жилийн хугацаанд Дулааны гуравдугаар цахилгаан станц, Дарханы дулааны цахилгаан станцуудын суурилагдсан хүчин чадлын нийлбэрээс ч өндөр давсан ачаалал нэмэгдсэн. Сүүлийн жилүүдийн оргил ачааллыг давахад Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын 89 мВт, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын 35 мВт, Дарханы дулааны цахилгаан станцын 35 мВт-ын өргөтгөл ашиглалтад орсон нь ихээхэн үүрэг гүйцэтгэж байна. Улсын хэмжээнд энэ оны эхний есөн сарын байдлаар 7.1 тэрбум кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэж, 6.5 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүчийг түгээсэн байна. Нийт түгээсэн цахилгаан эрчим хүчний 76.9 хувийг дотоодын эрчим хүчний эх үүсвэрээс 23.1 импортын цахилгаан эрчим хүчээр тус тус хангасан. Импортын цахилгаан эрчим хүчний 29.3 хувийг ОХУ-аас, 70.7 хувийг БНХАУ-аас импортолжээ. Монгол Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд 7-8 хувиар өсжээ. Өвлийн их ачааллын үед дулааны цахилгаан станцууд нь бэлтгэл тоноглолгүйгээр бүрэн хүчин чадлаараа ажиллах бөгөөд ОХУ-аас авах импортын шугамын дамжуулах чадал 345 мВт-аар хязгаарлагдах тул дотоодын цахилгаан станцуудын үндсэн тоноглолын болзошгүй гэнэтийн зогсолт, тасралт, саатлын үед тухайн нэгж толноглолын хүчин чадлаар хэрэглэгчдийг хязгаарлах техникийн арга хэмжээ авахаар төлөвлөсөн. Сүүлийн гурван жилд үнэ тарифд өөрчлөлт оруулалгүй тогтвортой мөрдөж ирсний улмаас 2019 онд 59 тэрбум төгрөг, 2020 онд 92 тэрбум төгрөг, 2021 онд 78 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. 2022 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 168.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар байна. Төвийн бүсийн дулааны цахилгаан станцуудад нүүрс нийлүүлдэг уурхайнууд энэ онд 109.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах урьдчилсан тооцоо гарсан. Ард иргэддээ бага нөлөөтэй байх үүднээс том хэрэглэгчид дээр оргил ачааллын цагаар хязгаарлалт хийнэ" гэлээ.