Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Х.Болорчулууныг сонголоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.09/  хуралдаанаар зарим Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг сонгохыг тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн А.Сүхбат танилцуулсан.

Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг улируулан ажиллуулахаар тус байнгын хорооны гишүүд тогтсон болохыг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат танилцуулав.

Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг сонгохоор гишүүдийн олонх дэмжсэн гэж УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан бол Өргөдлийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг улируулан ажиллуулах нь зүйтэй гэж тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Ц.Гарамжав танилцуулгадаа дурдсан.

 

 

Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан нар байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Байнгын хороодын саналыг дэмжсэнээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг, Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг улируулан, Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг, Өргөдлийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг улируулан сонголоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ