УИХ-ын дарга Г.Занданшатар уриалга гаргажээ. Уриалга гаргахдаа "Улаанбаатарын утаа арилж байна, улс төрийн утааг арилгах Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдлаа" гэсэн үгийг зургийн хамт нийтэлжээ.
Мөн тэрбээр уриалгадаа "Өнөөдрөөс өөр байхыг, өөрчлөгдөн хувьсахыг, буруудсанаа залруулахыг Монгол Улсын эрх ашиг шаардаж байна. Энэ шаардлагыг хэрэгжүүлэхийн төлөөх өөрчлөлт Үндсэн хуулиасаа эхэлж байна гэдгийг бид ойлгох ёстой. Тиймээс Үндсэн хуулиа сахин дагаж, шинэ нэмэлт, өөрчлөлтийг сайн цагийн уриа дуудлага хэмээн хүлээн авч, зөв тууштай хэрэгжүүлэхийн төлөө бүх нийтээрээ хамтран зүтгэцгээхийг уриалъя" гэжээ.
Өнгөрсөн зургадугаар сарын 6-ны өдөр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барьсан.
Хаврын чуулган, ээлжит бус чуулган, намрын чуулган дамжин хэлэлцсэн нэмэлт өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийг өнөөдөр хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүн 100 хувийн саналаар батлаад байгаа билээ.