Жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр “Дэлхий номын өдөр” тохиодог билээ. Энэ өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газраас санаачлан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газартай хамтран “Дэлхийн ном, Зохиогчийн эрхийг хамгаалах өдөр” өдөрлөгийг Төрийн ордонд зохион байгууллаа.
“Дэлхийн номын өдөр”-т зориулсан уг арга хэмжээг УИХ-ын Тамгын газраас 2012 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.
Номын өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд, эрдэмтэн зохиолчид болон УИХ-ын Тамгын газар, намын бүлгийн ажилтнууд, УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахууд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газрын ажилтнууд оролцов.
Төрийн байгууллагын ажилтнуудад шинээр хэвлэгдсэн ном зохиолуудыг танилцуулах, нэг дороос өргөн сонголттойгоор ном худалдан авах боломжийг бүрдүүлж байгаагаараа номын өдөрлөг чухал ач холбогдолтой юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал “Номоо солилцъё” төслийн бичил номын санг УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэнд хүлээлгэн өглөө. Бичил номын санг ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль, төрийн байгууллага, хувийн хэвшил, эмнэлэг, цэцэрлэгэ зэрэг нийт 26 газар байрлуулаад байгаа юм байна. Бичил номын сан нь “Нэг ном аваад нэг ном өгөх” гэсэн үйл ажиллагааны энгийн дүрэмтэй. Хүн бүр энэ дүрмээ биелүүлж, уншсан номоо буцаагаад хийдэг, авсан номынхоо оронд нэг ном өгдөг байх хэрэгтэйг УИХ-ын гишүүн Н.Учрал хэлсэн юм. Ийнхүү номын сангийн хэрэглээг нийтэд хүртээмжтэй, нээлттэй болгосноор хүүхэд залуучууд төдийгүй иргэдийн ном унших хандлага нэмэгдэж, оюунлаг нийгмийг бий болгох үндэс гэж төслийг хэрэгжүүлэгчид үзэж байна.
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-аас 1995 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг “Дэлхийн номын өдөр” болгон зарласан түүхтэй. Энэ өдөр дэлхийн 100 гаруй оронд зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, ном уншихын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулж иржээ.
“Дэлхийн ном, Зохиогчийн эрхийг хамгаалах өдөр” өдөрлөгийн үйл ажиллагаанд “Интерном”, “Аз хур” номын их дэлгүүр, “Непко”, “Мөнхийн үсэг”, “Мон судар”, “Болор судар”, “Мир ном”, “Сэлэнгэ пресс” зэрэг хэвлэлийн газрууд оролцож, шинэ ном товхимолын дээжээ танилцуулан, хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжийг олгож байна.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс