Дорнодод хээрийн түймэр гарчээ

Дорнод аймгийн Дашбалбар сумын дөрөв дүгээр багийн “Ямлах” гэдэг газар хээрийн гал түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 12:10 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу аймгийн Дашбалбар суманд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Хилийн цэргийн 0275 дугаар ангийнхан, Дашбалбар сумын Мэргэжлийн ангийн нийт 25 хүн, гурван автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 17:30 цагт цурамд оруулжээ. Одоо бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар Монгол Улсын талд хээрийн гал түймэрт 130 га талбай өртөж шатжээ.