Кени улсад хүчтэй аадар борооны улмаас үер бууж, сүүлийн долоо хоногт амь үрэгдсэн хүний тоо 66-д хүрсэнгэж цагдаа нар мэдээлжээ.
Ням гараг (2026.03.15)-т дахин дөрвөн хүн нас барсан байна. Нийслэл Найроби хотод шөнөдөө дахин хүчтэй бороо орсон ч шинэ нас баралт бүртгэгдээгүй байна.
Кенийн Улаан Загалмайн мэдээлснээр Найробид усны түвшин огцом нэмэгдсэний улмаас орон нутгийн матату гэж нэрлэгддэг нийтийн микроавтобус гацсан ч 11 хүнийг аварчээ. Мөн үерт автсан байшингаас хоёр хүүхдийг аварсан байна.
Сүүлийн долоо хоногийн турш үргэлжилсэн хүчтэй борооноор голууд үерлэж, айлууд усанд автсан төдийгүй зам, цахилгаан болон усны шугамууд эвдэрчээ.
Зарим гүүр эвдэрснээс шалтгаалан Найробид хэд хэдэн замыг хаасан байна. Бямба гарагийн аадар борооны дараа зарим сургууль мөн үерт автжээ.
Кенийн Дотоод хэргийн яам улс даяар хүчтэй бороо үргэлжилж байгаа бөгөөд үерийн эрсдэл нэмэгдэж байгааг анхааруулсан байна. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр “аадар бороо болон үүний дараах сүйрлийн үер”-ийн улмаас хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна.
Нас барсан хүмүүсийн тал хувь буюу 33 нь Найроби хотод бүртгэгдсэн байна. Хотын ус зайлуулах систем муу, мөн зөвшөөрөлгүй барилга байгууламж гол горхины урсгалыг хааж байгаа нь үерийн том шалтгаан болжээ.
Найробийн Парклэндс дүүргийн оршин суугч бизнесмен Карим Хассан Али BBC-д хэлэхдээ “Бямба гарагийн шөнө манай байрны гадаа бараг хоёр метр ус байсан” гэжээ.
Түүний байр усанд автаагүй ч доорх зогсоолд байсан машинууд усанд живсэн байна. Мөн тус дүүргийн оршин суугч Динеш Пател эрсдэлээс зайлсхийхийн тулд найзынхаа гэрт хоносон гэжээ.
Орон нутгийн оршин суугчид ус зайлуулах системийг сайжруулж, голын урсгалыг хаасан барилгуудыг зогсоохыг эрх баригчдаас шаардаж байна.
Кенийн Ерөнхийлөгч Уильям Руто засгийн газар бөглөрсөн ус зайлуулах сувгуудыг цэвэрлэж байгаа гэж мэдэгдсэн байна. Мөн үерт өртсөн хүмүүст яаралтай хүнс болон эмнэлгийн тусламж хүргэж байгааг хэлжээ.

















































