АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио “АНУ-д байнга тэнэг зүйл ярьдаг тэнэг хүмүүс байдаг” хэмээн хэлсний дараа сурвалжлагч түүний үгийг ерөнхийлөгчийн мэдэгдэлтэй холбон тайлбарлах оролдлого хийжээ.
Марко Рубио Энэтхэгт хийж буй айлчлалынхаа үеэр америк дахь энэтхэг гаралтай хүмүүсийн эсрэг арьс өнгөөр ялгаварласан мэдэгдлийн талаар асуултад өртлөө.
Ням гарагт Нью-Дели хотод болсон хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр нэгэн сурвалжлагч ерөнхийлөгч Дональд Трамп америк подкаст хөтлөгчийн Энэтхэгийг “тамын нүх” гэж тодорхойлсон мэдэгдлийг дэмжсэн талаар шууд бусаар хөнджээ.
Трамп уг “тамын нүх” гэх үгийг өөрийн Truth Social платформ дээр хуваалцсан бөгөөд Энэтхэгийн засгийн газар үүнийг зохисгүй, “зүй бус” хэмээн буруушаасан байна.
“АНУ-аас энэтхэгүүд болон энэтхэг гаралтай америкчуудын эсрэг маш олон арьс өнгөөр ялгаварласан тайлбар гарч байна. Энэ нь Энэтхэг-АНУ-ын харилцааны үндсэн зарчимтай зөрчилдөж байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?” хэмээн Энэтхэгийн сурвалжлагч Марко Рубио Энэтхэгийн гадаад хэргийн сайдтай хийсэн уулзалтын дараах хэвлэлийн бага хурлын үеэр асуужээ.
“Тэр тайлбаруудыг хэн хийсэн юм бэ?” гэж Рубио асуусан байна.
Энэтхэгийн сурвалжлагч үүнийг “олонд нэлээд танигдсан”, “тэр тайлбаруудыг дэмжсэн явдал бид харсан” гэж хариулсан ч яг юуг хэлж байгаагаа тодорхой дурдаагүй байна. Үүний дараа Рубио дэлхий даяар тэнэг хүмүүс байдаг талаар ерөнхий хариулт өгчээ.
Марко Рубио “Үүнд яаж хариулахаа сайн мэдэхгүй байна, гэхдээ би ийм тайлбаруудыг маш нухацтай авч үзнэ” гээд цааш нь “Дэлхийн бүх улсад тэнэг хүмүүс байдаг учраас онлайн болон бусад газарт ийм тайлбар хийсэн хүмүүс байгаа гэдэгт би итгэлтэй байна” гэж тэр нэмж хэлжээ. “Энд ч тэнэг хүмүүс байгаа гэдэгт би итгэлтэй байна. АНУ-д ч байнга тэнэг зүйл ярьдаг тэнэг хүмүүс байдаг. Манай улс дэлхийн өнцөг булан бүрээс ирж, америк хүн болж, манай амьдралын хэв маягт дасан зохицон, асар их хувь нэмэр оруулсан хүмүүсийн ачаар баяжсан” гэжээ.

Марко Рубиогийн Энэтхэгт хийж буй энэ айлчлал АНУ, Энэтхэг, Япон, Австралийн стратегийн бүлэглэл болох Quadrilateral Security Dialogue-ийн уулзалтад оролцох төлөвтэй байна. Тэрбээр амралтын өдрүүдэд Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитой уулзаж, мөн Делид болсон Америкийн тусгаар тогтнолын 250 жилийн ойн хүлээн авалтад оролцжээ.
Мөн Марко Рубио 5-р сарын 28-нд 55 нас хүрэх гэж байгаатай холбогдуулан Бхарат Мандапамд болсон хүлээн авалтын үеэр төрсөн өдрийн урьдчилсан баяр зохион байгуулж, Village People хамтлаг түүнд “Happy Birthday” дуу дуулсны дараа алдарт “YMCA” дуугаа тоглосон байна. АНУ-аас Энэтхэгт суугаа элчин сайд Сержио Гор түүнд бялуу “гардуулжээ”.
Баярын үеэр Сержио Гор гэнэтийн байдлаар Tрамп руу утасдаж, ерөнхийлөгч чанга яригчаар дамжуулан цугласан хүмүүст “Би Энэтхэгт хайртай” хэмээн хэлсэн байна. Трамп “Би ерөнхий сайдад хайртай. Moди гайхалтай хүн. Тэр бол миний найз. Энд өглөө, тэнд орой болж байгаа энэ үед бүгдэд нь сайхан үдшийг хүсэж байна” гэж үргэлжлүүлэн хэлжээ.
Тэрээр мөн “Бид Энэтхэгтэй хэзээ ч ийм ойр байгаагүй бөгөөд Энэтхэг 100 хувь надад болон манай улсад найдаж болно. Хэрэв тэдэнд хэзээ нэгэн цагт тусламж хэрэгтэй бол хэн рүү залгахаа мэднэ... Манай эдийн засаг, хөрөнгийн зах зээл рекорд тогтоож байгаа бөгөөд Энэтхэг юу хүснэ, тэр бүгдэд би том дэмжигч. Би ерөнхий сайд Moдигийн маш том фен” гэж хэлсэн байна.
Хоёр улсын харилцаа Tрампын Энэтхэгийн талаар хийсэн шүүмжлэл, тариф болон цагаачлалын бодлого, мөн Вашингтон Пакистантай улам ойртож буйтай холбоотойгоор хурцадсан юм.

















































