Америкийн поп од Бритни Спирс Лхагва гараг(2026.03.4)-ийн орой согтуугаар жолоо барьсан хэргээр сэжгээр баривчлагдсан талаар Калифорнийн хурдны замын эргүүлийн албанаас мэдээллээ.
Онлайнд нийтлэгдсэн баривчилгааны мэдээллээр поп од орон нутгийн цагаар оройн 21:30 орчимд Калифорнийн хурдны замын эргүүлийн албан хаагчдад саатуулагдаж, пүрэв гаргийн өглөөний 3 цагийн орчимд бүртгэгдэн хоригдсон ч удалгүй сулласан байна.
Калифорнийн Хурдны замын эргүүлийн олон нийттэй харилцах ажилтан Райан Аерс CNN-д утсаар өгсөн мэдээлэлдээ Спирсийг DUI буюу согтуугаар жолоо барьсан зөрчлийн улмаас баривчилсан гэдгийг баталжээ.
Тухайн өдрийн орой Калифорнийн хурдны замын эргүүлийн гаргасан мэдэгдэлд хар өнгийн BMW машин “маш өндөр хурдтай, тогтворгүй жолоодлого хийж байна” гэсэн дуудлага орон нутгийн цагаар 20:48-д ирсэн гэж дурдсан байна.
Тус машин **U.S. Route 101 хурдны замаар өмнө зүгт явж байсан бөгөөд Ventura County-д байрлах Westlake Boulevard-ийн гарцын орчимд цагдаа нар зогсоожээ. Мэдэгдэлд дурдсанаар, машинд Спирс ганцаараа байсан бөгөөд түүнд согтуу байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн байна. Тэрээр талбай дээрх согтуурлыг хэмжих тестүүд өгсний дараа баривчлагдсан гэж мэдээлжээ. Уг хэрэг одоо ч мөрдөн шалгагдаж байгаа бөгөөд химийн шинжилгээний хариу хараахан гараагүй байна. Баривчилгааны мэдээлэлд дурдсанаар түүний машиныг чирэгчээр ачиж явуулжээ.

















































