76 дахь Каннын олон улсын кино наадмын “Un Certain Regard” төрөлд сонгогдоод буй найруулагч П.Золжаргалын бүтээл “Баавгай болохсон”, “If Only I Could Hibernate” уран сайхны кино “Salle Debussy” театрт албан ёсоор нээлтээ хийлээ. “Амигдала фильмс”, “Urban sales” компанийн хамтын бүтээл найруулагч П.Золжаргалын “Баавгай болохсон”, “If Only I Could Hibernate” бүрэн хэмжээний уран сайхны кино “Un certain regard” хэсгийн өрсөлдөөнт шатанд сонгогдсон.
Энэхүү үйл явдал нь Монгол Улс анх удаа бүрэн хэмжээний киногоор тус хэсэгт шалгарсан тохиолдол болж буйгаараа онцлогтой. Энэ удаагийн наадамд оролцохоор тус кино багийн уран бүтээлчид Бүгд Найрамдах Франц улсын Канн хотыг зорьсон байгаа бөгөөд улаан хивсны ёслолд П.Золжаргал болон тус кино багийн уран бүтээлчид оролцлоо.