Цахим спортын Counter Strike-2 (CS2) тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн "ESL Pro League Season 23" тэмцээний эхний шатны тоглолтууд өнгөрсөн шөнө дуусаж, хоёрдугаар шатанд өрсөлдөх багууд тодорлоо. 

"The MongolZ" багийн хувьд хоёрдугаар шатанд дэлхийн чансааны оноогоор уригдан оролцож байгаа. Тэд эхний тойрогт Бразилын "paiN Gaming" багийн эсрэг өнөө шөнийн 23:30 цагт тоглох хуваарь гарчээ. Бразилын "paiN Gaming" багийн хувьд энэ тэмцээний нэгдүгээр шатыг гурван хожил, нэг хожигдолтой дуусгасан юм.

Тус хоёр баг өмнө нь нийт зургаан удаа учраа таарахад манай улсын баг таван удаа хожиж байв. Хамгийн сүүлд өнгөрсөн сард зохиогдсон PGL Cluj-Napoca 2026 тэмцээний хэсгийн шатанд учраа таарахад "The MongolZ" баг өрсөлдөгчөө хожсон билээ. 

"ESL Pro League Season 23" тэмцээн нь үндсэн гурван шаттай бөгөөд нэг болон хоёрдугаар шатанд тус бүр 16 баг тойргийн журмаар тоглоно. Хоёрдугаар шатанд гурван хожилтой найман баг Playoffs буюу шөвгийн наймд тоглох юм.

Түрүүлсэн баг 250.000 ам.долларын шагнал авах бол дэд байрт 155.000 ам.доллар, гуравдугаарт байрт 110.000 ам.долларын шагнал өгөхөөр зохион байгуулагчид төлөвлөжээ.