Дэлхийн цэргийн спортын чуулганд Монголын төлөөлөл оролцож байна

Монакогийн Вант улсад Дэлхийн цэргийн спортын холбоо буюу CISM-ийн 81 дэх Ерөнхий ассамблейн чуулга уулзалт болж байна. Тус чуулгад 91 орны төлөөлөгчид оролцож байгаа юм. “Спортоор нөхөрлөцгөөе” уриан дор зохион байгуулж буй тус чуулганд манай улсаас Батлан хамгаалах яамны харьяа Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны дарга, CISM-ын Монгол Улсыг хариуцсан Үндэсний ахлах төлөөлөгч, хурандаа Г.Өсөхбаяр, Спорт хорооны захиргааны удирдлагын албаны дарга дэд хурандаа Н.Отгонбаатар, Батлан хамгаалах яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн хошууч Я.Эрдэнэбилэг нар оролцож байна. Хурдацтай өөрчлөгдөж буй дэлхий, ертөнцөд улс орнуудын энх тайван, найрамдлыг хэвээр хадгалах, ойртуулахад спорт, спортын нөхөрлөл нь хамгийн үр дүнтэйг хуралд оролцогчид санал нэгтэй хүлээн зөвшөөрчээ.

Чуулган тавдугаар сарын 9-д өндөрлөнө. 

Ташрамд дурдахад, Дэлхийн цэргийн спортын холбоог 1948 онд байгуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар 142 улс нэгджээ.