УИХ-ын гишүүн, Монголын дугуйн холбооны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Ц.Мөнхцэцэгийн нэрэмжит Сонирхогчдын улсын аварга шалгаруулах засмал замын тэмцээн энэ амралтын өдрүүдэд буюу наймдугаар сарын 5, 6-нд болно.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг нь УИХ дахь Биеийн тамир спортыг дэмжих бүлгийн дарга, Монголын дугуйн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажилладаг бөгөөд Биеийн тамир, спортын тухай бодлого, хуулийн хэрэгжилт, салбарын хөрөнгө оруулалт, мэргэжлийн спорт болон нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч ажилладаг билээ.
Монголд нийтийн биеийн тамир, дугуйн спортыг хөгжүүлэх, бүх насныхны дугуйгаар хичээллэгчдийг дэмжих энэхүү УАШТ-нд мэргэжлийн тамирчид болох Спортын мастер болон дэд мастерууд оролцохгүй.
Харин энэ удаагийн тэмцээний үеэр Элит болон Өсвөр үеийн ангиллын тамирчдын бэлтгэлийг хангах зорилгоор тусгайлан уралдуулна.
Монголын дугуйн холбооны бодлогоор нийтийн биеийн тамир болсон дугуй сонирхогчдыг дэмжин ажилласны үр дүнд Сонирхогчдын УАШТ-ний насны ангилал, тоо улам өсөн нэмэгдэж байгаа юм.
Дугуй сонирхогч та бүхнийг уг тэмцээнд өргөнөөр оролцохыг урьж байна.
Унадаг дугуй бол дэлхийн хамгийн олон хүн хичээллэдэг спортын төрлүүдийн нэг бөгөөд дэлхийн таван тивд 2 тэрбум хүн дугуй унадаг гэсэн статистик бий. Дугуй бол дэлхийн хотын соёлын гол илэрхийлэл бөгөөд эрүүл мэнд, агаарын бохирдлыг бууруулах, замын түгжрэлийг багасгах онцгой үүрэгтэй тул сүүлийн жилүүдэд дугуй унагчдын тоо ихээхэн нэмэгдэж улс орнуудын төрөөс ихэд анхаарч байна.