Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын түүхт 80 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, улсын гарди Пунцагийн Сүхбатын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат, “Их шавь” дэвжээний бөх, аймгийн арслан М.Баасанжав түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, "Алдар" спорт хороо, “Тэргүүн богд” дэвжээний бөх, улсын арслан Энхтүвшиний Батмагнай үзүүрлэв.
Барилдааны их шөвөгт "Таван Хан" дэвжээний бөх, улсын саруул сайжрах заан Н.Жаргалбаяр, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, улсын харцага Б.Цэдэнсодном нар шалгарлаа. Дунд шөвөгт улсын заан Б.Серик, улсын харцага Н.Золбоо, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар, аймгийн арслан М.Баяржавхлан нар үлдэв.
П.Сүхбат гардийн нэрэмжит "Улсын цолд ойрхон бөх" шагналыг аймгийн арслан М.Баасанжавт гардуулжээ.

















































