Б.Дуламсүрэнг “Рио Тинто”-гийн Зэсийн группийн Монголыг хариуцсан ерөнхий захирлаар томилжээ

“Оюутолгой” компанийн удирдлагын багт зарим өөрчлөлт орсон байна. Шинэ бүтцийн дагуу “Оюутолгой” компанийн Санхүү эрхэлсэн захирал Б.Дуламсүрэнг тушаал дэвшүүлэн “Рио Тинто” компанийн Зэсийн группийн Монголыг хариуцсан Ерөнхий захирлаар томилсныг Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Кэйти Жаксон мэдэгджээ. 

Тэрээр "Оюутолгой" компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Л.Мөнхсүхийн ажлыг ирэх тавдугаар сард хүлээн авна. 

“Оюу толгой” компанийн Санхүү эрхэлсэн захирал Бэгзжавын Дуламсүрэн нь 2012 оноос “Оюу толгой” компанид Бизнес ба санхүүгийн шинжилгээ хариуцсан менежер, Төслийн ахлах менежер, Стратеги, бизнес хөгжил хариуцсан Ерөнхий менежер зэрэг албан тушаалыг хашиж байгаад энэхүү албан тушаалд томилогдсон.

Б.Дуламсүрэн бизнес, санхүүгийн салбарт 25 жил ажилласан туршлагатай. “Оюу толгой”д ажиллаж эхлэхээс өмнө тэрээр Мобиком корпорацын Санхүү хариуцсан захирал, Ньюком группийн харилцаа холбооны салбар хариуцсан гүйцэтгэх захирлын албыг хашиж байжээ.

Мөн Нью Йорк хотноо Уол Стритэд Европын томоохон санхүүгийн байгууллага болох “Би Эн Пи Парибас”-т хөрөнгө оруулалтын банкираар таван жил ажилласан. Б.Дуламсүрэн АНУ-ын Филадельф мужийн Пеннсильванийн Их сургуулийн Вартоны сургуулийг бизнесийн удирдлагын магистраар дүүргэсэн анхны Монгол хүн юм.