Шатахууны нийлүүлэлт хэвийн үргэлжилнэ

Зарим ШТС АИ92 шатахуун олгохгүй байна гэх мэдээлэл иргэдээс ирсэн. 

Уг асуудлаар Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсээс тодруулахад "ОХУ-ын Засгийн газраас тогтоолоо өөрчлөх асуудалтай холбоотойгоор шатахууны нийлүүлэлт хийгдэхгүй хэд хоног болсон. Энэ хугацаанд шатахуун импортлогч компаниудын нөөц багассан.

Өнгөрсөн Пүрэв гарагаас 140 вагон АИ92 шатахуун ОХУ-аас манай улсын өртөөнүүд дээр ирсэн. Одоо агуулахад буулгаж, ШТС-уудад хуваарилах ажил хийгдэж байна. Цаашид шатахууны нийлүүлэлт хэвийн үргэлжилнэ. 

ОХУ-аас шатахуун тээвэрлэж ирсэн вагон зөрлөг хүлээх, шатахууныг агуулах руу автомашинаар тээвэрлэх, буулгах зэрэг ажлууд хийгддэг. Шатахууныг хилээр оруулж ирээд шууд ШТС-уудад өгдөггүй. Дизелийн түлшний нөөц хэвийн байгаа" хэмээн тодотголоо.