ҮСХ: Гадаад худалдааны бараа эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрэв

Монгол Улс 2026 оны эхний дөрвөн сард нийт 139 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 6.8 тэрбум ам.доллар, импорт 3.7 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 3.1 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.7 тэрбум ам.доллар, экспорт 2.6 тэрбум ам.доллар, импорт 111.8 сая ам.доллар, тэнцэл 2.5 тэрбум ам.доллароор тус тус өсжээ. 

Экспортын өсөлтөд зэсийн хүдэр, баяжмалын экспорт голлон нөлөөлжээ. Тодруулбал, зэсийн хүдэр ба баяжмалын экспорт 1.7 тэрбум ам.доллароор, нүүрсний экспорт 730.4 сая ам.доллароор, боловсруулаагүй болон хагас боловсруулсан алтны экспорт 101.8 сая ам.доллароор, хар тугалганы хүдэр, баяжмалын экспорт 26 сая ам.доллароор тус тус өссөн байна.

Харин тунгаасан зэс ба хайлшийн экспорт 18.7 сая ам.доллароор, жоншны хүдэр ба баяжмал 9.7 сая ам.доллароор, боловсруулаагүй газрын тос 6.7 сая ам.доллароор, адууны махны экспорт 2.6 сая ам.доллароор тус тус буурчээ.

Импортын хувьд дизелийн түлшний импорт 89 сая ам.доллароор, автобензин 78.3 сая ам.доллароор, шинэ дугуй 24.4 сая ам.доллароор, хар төмөр бүтэц болон эд ангийн импорт 23.2 сая ам.доллароор өссөн нь нийт өсөлтөд голлон нөлөөлсөн байна.

Харин суудлын автомашины импорт 130.7 сая ам.доллароор, ачааны автомашин 65.1 сая ам.доллароор, ухаалаг гар утасны импорт 18.1 сая ам.доллароор тус тус буурсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.