Төлбөрийн тэнцэл 95.5 сая ам.долларын ашигтай гарчээ

Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2026 оны эхний улиралд 412.5 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 1.4 тэрбум ам.доллароор өсжээ.

Энэхүү өсөлтөд барааны худалдааны ашиг өмнөх оны мөн үеэс 2.1 тэрбум ам.доллароор, хоёрдогч орлогын дансны ашиг 14 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин үйлчилгээний данс 1.0 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеэс алдагдал 220.1 сая ам.доллароор, анхдагч орлогын данс 1.1 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, алдагдал 560.5 сая ам.доллароор өсжээ.  

Үйлчилгээний худалдааны орлого 386.7 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 35.2 хувиар өссөн байна. Үүнд тээвэр, аялал жуулчлал болон бусад үйлчилгээний орлого өссөн нь нөлөөлжээ. Мөн үйлчилгээний зардал 1.4 тэрбум ам.долларт хүрч, аялал болон бусад үйлчилгээний зардал өссөн нь нийт зардлыг нэмэгдүүлсэн байна хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.