3 сарын хугацаанд 243 хүүхэд эмэнд хорджээ

Он гарсаар 1-3 сарын хугацаанд 243 хүүхэд эмийн хордлогод өртсөнийг Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төвөөс мэдээллээ.

Эмийн бодисын хордлого гэдэг нь хүний биед эмийн бодис зохисгүй тунгаар, буруу замаар, эсвэл тухайн хүнд тохирохгүй нөхцөлд хэрэглэснээс болж бие махбодод сөрөг, хортой нөлөө үзүүлж, хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулсан эмгэг байдал юм. Тэгвэл өдөрт 3-5 хүүхэд эмийн хордлогод өртөж байгааг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулаа. Иймд эмийг бана насны хүүхдээс хол байлгах нь чухал байгааг эцэг эх, асран хамгаалагч нарт сануулж буй. Эмийг зөв хадгалах нь хүүхэд хордох эрсдэлийг 60-80 хувь бууруулдаг аж. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Хоол боловсруулах эрхтний эмгэг судлал”-ын тасагт цочмог хордлогын улмаас хэвтэн эмчлүүлэгчдийн 67% нь эмийн хордлого байдаг гэх судалгаа бий.
Харин хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 55.8 хувь нь 5 хүртэлх насныхан байдгаас 34.1 хувь нь 1-2 настай балчир хүүхдүүд байдаг байна.
Эдгээр тохиолдлын 82 хувь нь гэрийн орчинд үүсдэг бөгөөд хүүхэд аминдэм Д витамин, даралт, зүрх судасны эм, өвчин намдаах болон тайвшруулах эмийг амттан, чихэр мэт андуурч их хэмжээгээр уух тохиолдол дийлэнх хувийг эзэлдэг байна.