МИАТ компанийнхан дэлхийн 135 орны агаарын тээвэрлэгч ашигладаг Amadeus Altea системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр боллоо. Amadeus IT Group S.A компанитай хамтарч зорчигч үйлчилгээнд ашиглаж байгаа өнөөгийн системээ бүрэн өөрчлөх аж. Amadeus Altea нь шинэ технологи нэвтрүүлэх, дэд бүтэц хөгжүүлэх, бизнесийг дэмжих замаар агаарын тээврийн менежментийг сайжруулах систем юм байна.
МИАТ компани шинэ систем нэвтрүүлсэнээр тийз захиалах үйлчилгээгээ бүрэн цахимжуулж, төсөв мөнгө, хүн хүчээ хэмнэх боломжтой. Мөн бүртгэлийн систем сайжирч, урамшууллын программ, борлуулалтын сүлжээ сайжирна. Хэмнэсэн төсвөө зорчигч, үйлчилгээний нөхцөлийг сайжруулахад зарцуулах гэнэ. Мөн гэнэтийн саатлын үед зорчигчдын тийз захиалга автоматаар сунгагдах юм байна.
Өөрөөр хэлбэл, заавал хүн хяналт тавьж, утас фэйсбүүкээр харилцаж, тийз захиалах шаардлагагүй болно. Эл системийг нэвтрүүлсэнээр 135 орны авиа компанитай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, аяллын код хуваах гэрээ байгуулах аж. Өмнө нь зөвхөн Улаанбаатар-Москва, Улаанбаатар-Сөүлийн чиглэлд аяллын код хувааж нислэг хийдэг байжээ.
Харилцаагаа өргөжүүлэх гэрээ хийснээр Хонконгоор дамжуулан өөр долоон чиглэлд аяллын код хуваан нисэх боломжтой. Үр дүнд нь хоёр компанийн нислэгийн тарифийг нэгтгэн хямд үнээр иргэдэд үйлчилнэ.