ГИХГ-аас виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн 30 орны 950 хүнийг тогтоон, 21 орны 261 иргэнийг албадан гаргаж, бусдыг нь торгожээ. Албадан нутаг буцсан иргэдийн олонхыг өмнөд хөршийнхөн эзэлж байгаа юм. Энэ талаар ГИХГ-ын хяналтын улсын байцаагч Г.Оргилоос тодрууллаа.
-Монгол Улсад зорчиж буй гадаад иргэд ямар зөрчил гаргаж байна вэ?
-Зөрчлийн ихэнхийг оршин суух зөвшөөрлийн болон визийн хугацаа хэтрүүлэх, хууль бусаар хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах зөрчил эзэлдэг. Мөн бичиг баримтаа биедээ авч яваагүй, хаяг өөрчлөгдсөн гэх нийтлэг зөрчлүүд бий.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7.4.5-д зааснаар Монгол Улсад зорчих, албан болон хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэн нь паспорт болон эрх бүхий байгууллагаас олгосон оршин суух үнэмлэхийг биедээ авч явах үүрэгтэй. Хэрэв тухайн иргэн биедээ паспорт болон түүнийг орлох бичиг баримтгүй нь тогтоогдсон тохиолдолд хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин бууруулсантай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Мөн биедээ бичиг баримтгүй, хэн болох нь тогтоогдохгүй, албадан гаргах ажиллагаанд саад учруулж, гэмт хэрэг, зөрчил гаргаж болзошгүй, Монгол Улсаас гарах сануулга авсан гадаадын иргэд 10 хоногийн дотор биелүүлдэггүй гэх мэт зөрчил гаргасан тохиолдолд хяналтын улсын байцаагчийн шийдвэрээр зургаа хүртэл цаг, шүүхийн шийдвэрээр зөрчлийг шийдвэрлэх хүртэл албадан саатуулах арга хэмжээ авна.
-Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль өнгөрсөн сарын 1-нээс хэрэгжсэн. Эдгээр хуульд зааснаар хэчнээн хүнд хариуцлага тооцов?
-Тус хуульд 1600 орчим зөрчлийг зохицуулахаар тусгаснаас Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зөрчсөн этгээдэд торгууль ногдуулах хэд хэдэн заалт бий. Долдугаар сарын 1-25 хүртэлх хугацаанд дээрх хуульд заасны дагуу 32 орны 255 иргэнийг торгосон.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар гадаадын 261 иргэнийг албадан гаргасан. Сүүлийн жилүүдэд албадан нутаг буцаасан иргэдийн тоо харьцангуй буурлаа. Гадаадын хөрөнгө оруулалт буурч, Монгол Улсад зорчих гадаадын иргэдийн хөдөлгөөн багассан, хяналт шалгалтын үйл ажиллагаа эрчимжиж, иргэд, аж ахуйн нэгжид Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг сайтар танилцуулан мэдээлэл, зөвлөгөө өгөх болсон нь үүнд нөлөөлж байгаа.
Мөн хил дээрх хяналт шалгалт сайжирч зөрчилтэй иргэдийг хил дээрээс буцааж байгаа нь нөлөөлсөн.