“Нэн түрүүнд ХАБ-2020” бага хуралд Эрдэнэт үйлдвэрийн сайн туршлагаас хэлэлцэнэ

Нийгмийн хариуцлагын хүрээнд хөдөлмөрийн хүний ажиллах, хөдөлмөрлөх таатай нөхцөлийг эрхэмлэдэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ынхан  энэ удаагийн “Нэн түрүүнд ХАБ-2020” бага хуралд хөдөлмөрийн аюулгүй байдлын сайн туршлагаасаа  хэлэлцүүлнэ. 2012 онд Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас анх санаачилснаас хойш жил бүр зохион байгуулж буй тус бага хуралд Эрдэнэт үйлдвэр ивээн тэтгэгч, хамтрагч байгууллагаар тасралтгүй оролцож иржээ. Тэгвэл энэ жилийн бага хуралд ХАБЭА-н чиглэлээр хуримтлуулсан “Эрдэнэт үйлдвэрийн сайн туршлага” сэдвээр илтгэл тавьж, оролцогчдын дунд хэлэлцүүлэг хийх аж. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, цацрагийн аюулгүй байдал, сайжруулалт, дотоод зохион байгуулалтын чиглэлээр хийж хэрэгжүүлж ирсэн шилдэг туршлага, арга барилаас хуваалцана гэдгийг ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Мөнхболд онцлов.  

     Монголын Мэргэшсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн холбоо /МОШПА/-ноос энэ удаагийн  “Нэн түрүүнд ХАБ-2020” Бага хурлыг энэ сарын 5, 6-ны өдрүүдэд Улаанбаатар хотод, салбар хуралдааныг зарим аймагт цахим хэлбэрээр зохион байгуулна. Хамтран зохион байгуулагчаар ШУТИС, Монголын үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбоо, Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль зэрэг байгууллагууд ажиллаж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог төгөлдөржүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж буй “Нэн түрүүнд ХАБ”  бага хурлын үйл ажиллагаа энэ жил “КОВИД-19 ба ХЭМАБ” буюу “Ковид-19 ба Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал” уриан дор болно. 

     “Нэн түрүүнд ХАБ” бага хурал нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрх зүйн орчны шинэчлэл, өөрчлөлт болон зохицуулалтын шинэ мэдээлэл солилцохын зэрэгцээ байгууллагууд ХАБ-ын тулгамдсан асуудлаа хэрхэн шийдвэрлэж буй арга туршлагаас суралцах, цаашдын хамтын ажиллагааны баримт бичиг боловсруулан хэрэгжүүлэх боломж олгодгоороо ач холбогдолтой юм.