“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын захиалгаар Монголын ажил олгогч эздийн холбооны дэргэдэх Ажил мэргэжлийн стандарт, ур чадварын хөгжлийн төв, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсролын үнэлгээ, мэдээллийн арга зүйн төв хамтраад Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн 26 нэгжийн 101 ажил мэргэжлийн ур чадварын толь, стандарт, гүйцэтгэлийн шалгуур боловсруулах бэлтгэл хангаж байна. Энэ ажлын хүрээнд үйлдвэрлэлийн цехүүдийн ажилчдад сургалт семинар, судалгаа явагдаж байгаа юм.
“Энэхүү сургалт ажилчдын эзэмшсэн мэдлэг, ур чадварын түвшин болон өнөөдөр үйлдвэрлэлийн техник, технологийн шинэчлэлийн хүрээнд шинээр бий болж байгаа ажлын байранд ажиллах тухайн хүнд зайлшгүй шаардлагатай мэдлэг, ур чадвар, мэргэжлийн чадамж, гүйцэтгэлийн шалгууруудыг тогтоох зорилгоор зохион байгуулагдаж байна. Түүнээс гадна ажлын байрны зураг авалтаар бус, тухайн ажил үүргийг биечлэн гүйцэтгэдэг ажилчдын өөрийнх нь туршлага, мэдлэг, чадвар дээр суурилж хүндрэл бэрхшээл, ажилбарын давтамжийг гарган ирж, өөрсдийнх нь үнэлгээнд суурилсан хөтөлбөрийг хөгжүүлж байгаа нь онцлог юм” гэж Ажил мэргэжлийн стандарт, ур чадварын хөгжлийн төвийн захирал Г.Энхбат ярилаа.
Өөрөөр хэлбэл нэг ажилтны гүйцэтгэж байгаа технологи ажлын үр дүн нөгөө ажилтны эхлэл цэг болж өгдөг учраас тэнд ямар давхцал, дамжлагын ямар зөрүү, ямар бэрхшээл байгааг давхар илрүүлэх юм. Өнгөрсөн долоо хоногт Баяжуулах үйлдвэрийн бутлуурчин, конвейерчин, шүүлтүүрийн машинч, тэжээгүүрчин зэрэг олон ажил мэргэжлийн хүрээнд дакум аргачлал зохион байгуулав.