Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдаанаар өнгөрсөн 14 хоногийн цаг үеийн байдлаар зарим байгууллагын удирдлага мэдээлэл хийв.

Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа И.Баттөгс “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 21311 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 907 нэгж буюу 4.4 хувиар өссөн. Урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулснаар гэмт хэргийн шинжтэй үйлдэл 2.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Зөрчлийн шинжтэй 20754 дуудлага мэдээлэл  шалгаж шийдвэрлэв. Нийслэлийн хэмжээнд “Цахим тоглоом” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж, давхардсан тоогоор 597 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, цагийн хуваарь хэтрүүлсэн, насанд хүрээгүй хүнд үйлчилгээ үзүүлсэн, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан нийт 54 зөрчлийг илрүүлэн 157 иргэнийг 5.720.000 төгрөгөөр торгож, зөвшөөрөлгүй болон стандартын шаардлага хангаагүй 30 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, 6 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түдгэлзүүлж хяналт шалгалтын ажиллагааг үргэлжүүлж байна” гэж танилцуулав.

“Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2695 дуудлага мэдээлэл хүлээн авч 839 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 7.7 хувиар буурсан  үзүүлэлттэй байна” гэж Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат мэдээллээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Манай газраас өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 937 албан бичиг, өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэлээ. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа Эмэгтэйчүүдийн өвчний үзлэг, оношлогооны клиникүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ. Шалгалтад 123 эмнэлэг хамрагдаж, эмнэлгийн анхан шатны бүртгэл хөтлөлт хангалтгүй, эмчилгээний үр дүнг тооцож ажилладаггүй, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан, эмнэлгийн үйлчилгээнд баримтлан ажиллах стандарт, шаардлага хангаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн. Илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчдын хамтарсан албан шаардлагыг 37  эмнэлэгт хүргүүлсэн. Мөн гахай, тахиа, загас, далайн гаралтай бүтээгдэхүүн ханган нийлүүлэгч, агуулах, хоол үйлдвэрлэл, худалдааны газруудад хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулан ажиллалаа. Түүнчлэн нийслэлийн нутаг дэвсгэр дэх үерийн хамгаалалтын далан сувгийн ашиглалтын төлөв байдалд хамтарсан хяналт хийсэн. Улаанбаатар хотод нийт 33 км урт үерийн далан, 109.6 км урт үерийн суваг, 6 ширхэг тосох байгууламж байна. Нийт үерийн далангийн 73.3 хувь нь ашиглалтын хугацаа дууссан, 60 хувьд нь засвар үйлчилгээ хийх шаардлагатай байна. Мөн 753 айл өрх үерийн аман дээр байрлаж байгаагаас гадна үерт нийт 47 хорооны 6696 өрх айлын, 26784 хүн өртөж болзошгүй байна” хэмээн танилцуулав. 

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар энэ оны эхний 2 сарын өвчлөл, эндэгдлийн талаар товч мэдээлэл хийсэн. Тэрбээр хийсэн мэдээлэлдээ “Нийслэлийн хэмжээнд 6133 эх амаржиж, 6175 хүүхэд төрсөн байна. Төрөлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 65 төрөлтөөр буюу 1.1 хувиар нэмэгдсэн. Нийслэлийн хэмжээнд нийт 1340.3 мянган үзлэг хийгдсэн ба нийт үзлэгийн 49.8 хувь нь өрхийн эрүүл мэндийн төвд хийгдсэн байна. Нийт үзлэгийн 33.6 хувийг урьдчилан сэргийлэх үзлэг, 44 хувийг өвчний учир амбулатори, 13 хувийг гэрийн идэвхтэй хяналт, 8.9 хувийг диспансерийн хяналтын үзлэг, 0.6 хувийг гэрийн дуудлага тус тус эзэлж байна. Оны эхний 2 сарын байдлаар халдварт өвчний 3489 тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд 24.4 байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21 тохиолдол буюу 0.6 хувиар буурчээ. Энэ сарын 11-ний байдлаар нийт амбулаторийн үзлэгт томуу, томуу төст өвчний эзлэх хувь 4.5 байгаа нь урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авч ажилласны үр дүн юм. Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвтэй хамтран харьяа эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүдэд галзуу, хачиг, бэтэг өвчний хяналт сэргийлэлт сэдвээр дүүрэгчилсэн гардан үйлдлийн сургалтыг зохион байгуулж, 102 эмч, мэргэжилтнийг хамрууллаа” гэж ярилаа хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.