Нийслэл хотод анхны экстрем спортын талбайг байгуулж байна

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо иргэдийн хэлж заншсанаар Адам, Евагийн хэсэгт Нийслэл хотын хэмжээнд анхны, хамгийн том экстрем спортын талбай УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн санаачилгаар хийгдэж байна. Өндөр хөгжилтэй орнуудад ногоон орчныг чухалчлан байгалийн унаган төрхийг тэр хэвээр нь хадгалж, барилга байшин барихаасаа илүүтэйгээр гол ус, байгалиа дагасан амралт зугаалгын чөлөөт талбайг тохижуулсан байдаг. Энэ жишгийн дагуу Экстрем спортын тохижилт хийгдэж байна. Өнөөдөр тохижилтын гүйцэтгэгчээр шалгарсан “СММ” компанийн ажлын явцыг шалгахаар төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, дүүргийн удирдлагууд газар дээр нь ажиллалаа. Одоогийн байдлаар гүйцэтгэл 30 гаруй хувьтай явж байгаа талаар гүйцэтгэгч компани хэллээ. Тохижилтын ажлыг нэг бүрчлэн тайлбарлавал

-Элсний воллейболийн талбай

-Уулын фитнесийн талбай

-3*3 сагсан бөмбөгийн талбай

-Автомашинтай кино театр

-Мах шарах зориулалтын зуухнууд

-Майхан барих зориулалтын талбай зэрэг иргэд, залуусын бие бялдар, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг нэмэгдүүлэх ажлууд багтаж байна.

Нэмж хэлэхэд энэхүү бүтээн байгуулалт нь зөвхөн дулааны улиралд ашиглагдах бус өвлийн улиралд ч гэсэн залуусын ирэх дуртай газар байх үүднээс тэшүүрийн талбайг төлөвлөж зураг төсөлд тусгасан гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.