Хотын удирдлагууд холбогдох инженер, мэргэжлийн хүмүүс өчигдөр хуралдаж, эцсийн дүгнэлтээр "AQUA Garden" хорооллын барилгын ажлыг зогсоож, газрыг чөлөөлөх шаардлагатай гэсэн шийдвэрт хүрсэн. Иргэд авлига гэх тус хорооллыг яаралтай буулгаж, газрыг чөлөөлөхийг нийслэлээс шаардаж буй. Харин Нийслэлийн Засаг даргын тамгын газраас шийдвэр гаргасан ч шууд хэрэгжүүлэх боломжгүй. Хууль эрх зүйн баг ажиллаж байгаа. Нийслэлээс барилгын ажлыг зогсоох зохицуулалтгүй. 16-аас дээш давхрын барилгын ажлыг Барилга хот байгуулалтын яамнаас зогсоох шийдвэр гаргадаг.

Холбогдох албаны хүмүүст тус барилгын ажлыг зогсоож, буулгах талаар санал, хүсэлтүүдээ хүргүүлсэн гэлээ.

Ямартай ч аль болох богино хугацаанд үерийн эрсдэл үүсгэж байгаа бүсэд баригдаж буй тус хотхоны ажлыг зогсоох аж. Гэвч одоогоор тодорхой хугацаа товлох боломжгүй юм байна.

Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өчигдөр хэлэхдээ "Сэлбэ голыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах боломжтой. Мастер төлөвлөгөөгөө гаргачихсан. Мэргэжлийн хүмүүсийг богино, дунд, урт хугацаанд ажиллуулахаар төлөвлөж байна.

Сэлбэ, Дунд гол дагуу 29 байршилд газар чөлөөлөхөөс өөр аргагүй байдалд байна. Үүнд S Outlets дэлгүүр, Aqua хорооллын газрыг чөлөөлөх ёстой гэсэн дүгнэлтэд хүрлээ. Иймд эрх зүйн орчны хүрээнд арга хэмжээнүүдийг авна.

Ялангуяа богино хугацаанд нь  ус цуглуулах, ус зайлуулах, гэх мэт ажлыг энэ чиглэлээр мэргэшсэн аж ахуй нэгжтэй хамтраад хотын ус цуглуулах хоолойны шийдлийг ойрын хугацаанд яаралтай гаргах төлөвлөгөөтэй байна" гэсэн юм.