“Даншиг наадам-Хүрээ цам 2023”-т гадны 56 бөх зодоглоно

“Даншиг наадам-Хүрээ цам 2023” шашин, соёлын наадам наймдугаар сарын 5, 6-нд Хүй долоо худагт болно. Тус наадамд Халимаг, Тува, Буриад, Өвөрмонголоос 56 бөх, 17 уран бүтээлч, есөн орны монгол судлаач 50 гаруй эрдэмтэн оролцох аж. Мөн үндэсний 256 бөхийн барилдаан, буриад болон өвөрмонгол бөхийн төрлөөр тус бүр 64 бөхийн барилдаан болох юм. Түүнчлэн жороо, хязаалан, их насны морьдын уралдаан, морьт харваа, сээр цохих, шагайн харваа, үндэсний сур харвааны тэмцээн, “Хүрээ цам ба майдар” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол үндэсний идээний үзэсгэлэн, “Нүүдэлчдийн нийслэл” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. 

Энэ үеэр мөн цам харайх ёслол, лам нарын дунд ном хаялцах, балин урлалын тэмцээн болохоос гадна монгол хувцасны загварын үзүүлбэр, урлаг, соёлын тоглолт, жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа зэрэг олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.