Эрдэнэт үйлдвэр жил бүр Хөдөлмөрийн аваргуудаа тодруулан алдаршуулдаг

 Хоногт 88 мянган тонн хүдэр боловсруулж, зургаан тэрбум төгрөгийн борлуулалт хийж, улс, орон нутгийн төсөвт 2.6 тэрбум төгрөг төвлөрүүлэн ажилладаг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ жил бүр уурхайчдынхаа дундаас Хөдөлмөрийн аваргуудаа шалгаруулан шагнаж, алдаршуулдаг уламжлалтай. Өнгөрсөн жилийн хувьд эрхэлсэн ажилдаа амжилт гарган өндөр бүтээмжтэй ажилласан 33 уурхайчин Хөдөлмөрийн аваргаар тодорсон юм. Мөн Эрдэнэт үйлдвэрт олон жилийн бүтээлч хөдөлмөрөө зориулсан уурхайчдынхаа нэрийг Хүндэт дэвтэрт мөнхөлж, таван сая төгрөгөөр урамшуулдаг юм.      

Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн тээрмийн машинч Ц.ГАНЗОРИГТ:

     -Уул уурхайн хүнд үйлдвэрт халуунд халж, хүйтэнд хөрж ажилладаг 6600 орчим уурхайчдынхаа дундаас Хөдөлмөрийн аваргаар тодорно гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг юм. Тэр тусдаа Эрдэнэт үйлдвэрийнхээ зүрхэн цех болох Баяжуулах үйлдвэрт, гол тоног төхөөрөмж болох тээрэм дээр ажилладагтаа бахархдаг. Баяжуулах үйлдвэр нь бутлах, нунтаглах, хөвүүлэн баяжуулах, усгүйжүүлэх, хаягдал хуримтлуулах гэсэн үндсэн дамжлагуудаар хүдэр боловсруулан зэсийн болон молибдены баяжмал гарган авдаг. 42 жилийн түүхтэй үйлдвэрийнхээ бүтээн байгуулалт, уурхайчдынхаа гаргасан ололт амжилтаар үргэлж бахархаж, урам зоригтой ажилладаг. Бидний үгийн санд үйлдвэрлэлийн төлөвлөгөө тасарлаа гэх үг байдаггүй. Тиймээс баялаг бүтээх үйлсдээ улам хичээх болно.        

Дулааны цахилгаан станцын эдийн засагч Ё.ХИШИГТ:    

     -Монголын уул уурхайн салбарын анхдагч, жишиг үйлдвэр “Эрдэнэт”-д 21 дэх жилдээ ажиллаж байна. 2019 он миний хувьд хөдөлмөрөө үнэлүүлсэн сайхан жил байлаа. Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аваргаар тодорно гэдэг олон жилийн хичээл зүтгэл шингэсэн нэр төрийн хэрэг юм. Сүүлийн үед Эрдэнэт үйлдэрт маань түүхэн гэж хэлж болох томоохон өргөтгөл шинэчлэлийн ажлууд их өрнөж байна. Үүний нэг нь манай Дулааны цахилгаан станцын өргөтгөл юм. Станцыг хоёр үе шаттай өргөтгөсөн. Эхний удаа 5 мВт-аар өргөтгөөд, өөрийнхөө хэрэгцээний цахилгаан эрчим хүчээ дотоодоосоо хангаж эхэлсэн. Ингэснээр манай өртөг, зардал буурсан. Дараа нь 48 мВт-аар өргөтгөөд 53 мВт-ын эрчим хүч үйлдвэрлэх болсноор  Монголын эрчим хүчний системд том хувь нэмэр оруулж байна. Ингэснээр сүүлийн гурван жилийн хугацаанд үйлдвэр маань 20,7 тэрбум төгрөгийн үр ашигтай ажиллаж, эрчим хүчний системд 22,7 тэрбум төгрөгийн хувь нэмэр оруулсан байна. Энэхүү түүхэн бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмрийг маань үнэлж, Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аваргаар тодруулсанд баяртай явдаг.