Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас 2016-2020 онд Эрдэнэт хотыг “Ухаалаг хот” болгон хөгжүүлэх ажлыг эхэлж, дижитал технологийг эрүүл мэнд, зам тээвэр, боловсрол, оршин суугчдын үйлчилгээ зэрэг салбарт нэвтрүүлэх зорилт тавьсан аж. Мөн аймгийн нийтийн тээвэр эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын тээврийн хэрэгсэлд хэмжих хэрэгсэл суурилуулан бүртгэл, хяналтын нэгдсэн системийг бүрдүүлэхээр шийдвэрлэсний дагуу 2018 онд автобуснуудад GPS системийг нэвтрүүлсэн байна.
Ийнхүү Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, Авто тээврийн төв, төсөлд хамрагдах 3 автобус компанитай 2019 оны 6 сарын 27-нд гэрээ хийж төслөө хэрэгжүүлж эхэлжээ. Энэ төслийн эхний шатанд 600 орчим сая төгрөгийн санхүүжилт орох бөгөөд монгол залуусын бүтээсэн программ хангамж, угсралт, суурилуулалтаар энэ ондоо багтаан хийгдэх юм. Цаашид үйлчилгээний стандарт тохирсон UBCAB онлайн такси үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл нийтийн тээвэр болон такси үйлчилгээний стандартыг ахиулж, төлбөр тооцооны нэгдсэн систем оруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх талаас нь ажилах юм.

















































