Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар өчигдөр ДАШТ-д явах хүсэлтээ албан ёсоор МҮОХ-нд хүргүүлсэн билээ.
Монголын боксын холбоо ерөнхийлөгчөө сонгосон орой гавьяат тамирчин Э.Цэндбаатар хүнд жинд тоглож байсан тамирчин гэх хоёр этгээдэд зодуулсан хэрэг гарсан. Үүний дараа Монголын боксын холбооны удирдах зөвлөл Э.Цэндбаатарыг “Согтууруулах ундаа хэрэглэсэн” гэх үндэслэлээр шигшээ багаас хассанаа олон нийтэд танилцуулсан. Гэхдээ тэрбээр уг шийдвэрийг хүндэтгэж байгаа ч дэлхийн аваргад оролцох хүсэлтэй байгаагаа өчигдөр дахин илэрхийлэв.
Тэрбээр “Би өнөөдөр МҮОХ-нд албан ёсоор ДАШТ-д оролцох хүсэлтээ өгч байна. Хамгийн эхэнд бодогдож байгаа зүйл гэвэл олимпод хожигдол хүлээсэн ОХУ-ын тамирчныг хожмоор байна. Энэ удаагийнх миний хамгийн сүүлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байж магадгүй. Тиймээс 60 кг-ийн үндсэн жиндээ заавал оролцох хүсэлтэй байна. Тэр рингэн дээр ялагч нь байхыг зорьж, хүсч байна. Олимпоор олон хүний сэтгэлийг гонсойлгосон. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бүх хүчээ дайчлахын тулд эцсээ хүртэл тэмцэнэ. Цаашид мэргэжлийн бокс руу эргэж буцахгүйгээр орох болно. Дэмжиж байгаа нийт ард түмэндээ баярлалаа. О.Тулга бид хоёр ард түмний өмнө тулалдаж, хэн ялсан нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн рүү явья” гэсэн юм.
О.Тулгын хувьд Залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай. Энэ жил 21 нас хүрч байгаа “Алдар" спорт хороонд харьяалагддаг тамирчин юм.