Сонирхогчдын боксын 2019 оны өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 09-17-ны өдрүүдэд АНЭУ-ын Фужайрах хотод боллоо. Энэхүү тэмцээнд манай улсаас 11 тамирчин тулалдсан бөгөөд нийт 26 орны 269 тамирчин оролцсон юм.
Тэмцээний сүүлийн өдөр охидын 57 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин Т.Номин-Эрдэнэ БНХАУ-ын тамирчин Лиан Шиньюг 5:0-ээр буулган авснаар Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлж, Өсвөр үеийн Азийн аварга болсон Монголын анхны эмэгтэй тамирчин боллоо.
Өдгөө 16 настай түүний хувьд “Хилчин” спорт хорооны боксын дасгалжуулагч, хошууч Э.Еркиний удирдлага дор гурав дахь жилдээ бэлтгэл сургуулилтаа хийж байгаа бөгөөд энэ жил тэрбээр Казахстаны олон улсын тэмцээнээс мөнгө, БНХАУ-д зохиогдсон дэлхийн лигийн тэмцээний мөнгө, Монголын хүүхдийн спортын их наадмын алтан медалийг тус тус хүртээд байсан юм. Монголын баг тамирчдаас Т.Номин-Эрдэнээс гадна хөвгүүдийн 63 кг-ын жинд Ч.Элбэг, охидын 48 кг-ын жинд Д.Номин-Эрдэнэ нар хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ.