МҮБХ-ноос Баяр наадам зохион байгуулах хороонд шаардлага хүргүүллээ

МҮБХ-оос Баяр наадам зохион байгуулах комисст шаардлага хүргүүллээ.

Уг шаардлагад: "Ардын Хувьсгалын 98 Жилийн Ойн Баяр Наадмын Үндэсний Бөхийн Барилдааны шөвгийн 16 бөхөөс допингийн шинжилгээ авснаас 2 бөхөөс допинг буюу хориотой бодис илэрсэний нэг нь ес давж Монгол Улсын аварга цол хүртсэн Энхтөгс овогтой Оюунболд болох нь БНСУ-аас ирүүлсэн допингийн шинжилгээний хариугаар тогтоогдсон байна. Үндэсний Их Баяр Наадам Зохион Байгуулах Хороо, хорооны дарга Ө.Энхтүвшин, нарийн бичгийн дарга Э.Содномжамц, ашиг сонирхлын зөрчил бүхий дархан аварга, МҮБХ-г төлөөлөх эрхгүй хэсэг бүлэг этгээдүүд тодорхой зорилготойгоор БНСУ-аас ирсэн допингийн шинжилгээний хариуг нуун дарагдуулж, өөрчлөхөөр санаархаж, Монголын Үндэсний Их Баяр Наадмын тухай хууль, Монголын Үндэсний Бөхийн Холбооны дүрэмд байхгүй "...Б сорьцын шинжилгээний хариуг иртэл допинг хэрэглэсэн бөхийн нэрийг зарлаж болохгүй..." гэж илт үндэслэлгүй худал тайлбар хийж нийт бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнийг хууран мэхэлж, хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг Монголын Үндэсний Бөхийн Холбоо эсэргүүцэж байна. Бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнийг хууран мэхэлж, допинг буюу хориотой бодис хэрэглэсэн Э.Оюунболдод дараах хариуцлага тооцох саналыг Монголын Үндэсний Бөхийн Холбооноос хүргүүлж байна.