Монголын Оюун ухааны академийн тамирчид гурав дахь удаагаа Дэлхийн аварга боллоо

31 дэх удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-д болох байсан хэдий ч хорио цээрийн улмаас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-аас 18-ны өдрүүдэд онлайн хэлбэрээр зохион байгуулагдаж Дэлхийн Ой тогтоолтын Спортын Холбооноос тэмцээний нэгдсэн дүнг нэгдүгээр сарын 21-нд албан ёсоор зарлаж, шилдгүүдээ тодрууллаа.

Тус тэмцээнд 24 улсын шилдэг 400 гаруй тамирчин ой тогтоолтын спортын 10 төрлөөр өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр бага насны ангилалд 4813 оноогоор Э.Үүрийнцолмон, өсвөр насны ангилалд 5512 оноогоор Ц.Оюун-Эрдэнэ, насанд хүрэгчдийн ангилалд 7904 оноогоор ОУ-ын Их Мастер Т.Тэнүүн нар тэргүүлж нас насны ангилалдаа дэлхийн аварга боллоо.

Мөн Ерөнхий дүн буюу тэмцээнд оролцсон бүх тамирчдаас хамгийн өндөр оноог авснаар 2022 оны Ой тогтоолтын дэлхийн аваргаар ОУ-ын Их Мастер Т.Тэнүүн тодорлоо.

Манай улсын баг тамирчид 90 багц медалиас 54 медаль (20 алт, 15 мөнгө, 19 хүрэл) хүртэж, 19018 оноогоор Монгол Улсын баг “Дэлхийн аварга баг” болжээ.

Монгол Улсаа төлөөлж Улаанбаатар хот болон орон нутгаас нийт 30 тамирчин тус тэмцээнд оролцсоноос Их Мастер цолны болзлыг Ц.Оюун-Эрдэнэ, Н.Нандин-Учрал, З.Намуун, ОУ-ын Мастер цолны болзлыг Э.Үүрийнцолмон, Б.Дөлбаяр, Ц.Номин-Эрдэнэ, Э.Хишиг-Эрдэнэ, Г.Наранцацрал нар тус тус хангалаа.

Манай улсын ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлага, спорт өрөлтийн шигшээ баг Англи, Америк, Герман, Хятад, Солонгос, Энэтхэг, Сингапур, Турк, Солонгос зэрэг дэлхийн олон оронд зохион байгуулагдсан 61 дэх олон улсын тэмцээнд амжилттай оролцож, 105 цом, 1169 медаль хүртэж Гиннес, Дэлхийн олон дээд амжилтыг эзэмшиж амжилтын буухиагаа таслалгүй үргэлжлүүлсээр байна.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход шаардагдах зардлыг “Smart Store” компанийн хамт олон ивээн тэтгэж, оюунлаг үйлийг дэмжиж ажиллажээ.