Мароккогийн багт хожигдож, ДАШТ-ээ өндөрлүүлснээс хойш анх удаа Португалийн шигшээ багийн ахлагч Кристиано Рональдо өчигдөр сошиал хуудсаараа дамжуулан үзэл бодлоо илэрхийлжээ.
37 настай хөл бөмбөгийн супер од Бямба гарагт болсон тоглолтын дараа талбайгаас гарахдаа уйлж байсан юм. Рональдо үндэсний шигшээ багийнхаа сүүлчийн хоёр тоглолтын гарааны бүрэлдэхүүнд багтаагүй.
“Португалийн шигшээ багтай дэлхийн аварга болох нь миний спортын замналын хамгийн том бөгөөд амбицтай мөрөөдөл байлаа. Харамсалтай нь өчигдөр энэ мөрөөдөл төгсгөл боллоо” гэж тэр сошиал хуудсандаа бичжээ.
Рональдо ДАШТ эхлэхээс өмнө хэвлэлд өгсөн ярилцлагынхаа улмаас Манчестер Юнайтед клубээс гарсан юм. Шигшээ багийнхаа хэсгийн гурван тоглолтод оролцсон Рональдог шөвгийн 16-ын шатанд Швейцарын эсрэг тоглолтод оролцуулахгүй байх шийдвэрийг дасгалжуулагч Фернандо Сантош гаргаж байв.
Энэ шийдвэрийн дараа түүнийг ДАШТ-ийг орхиж явахаар сүрдүүлсэн гэж Португалийн хэвлэлүүд мэдээлж байжээ. Гэхдээ Португалийн Хөл Бөмбөгийн Холбоо болон дасгалжуулагч Сантош үүнийг няцаасан юм.
“Маш их ярьж, бичиж, таамаглаж байгаа ч Португалийн төлөө гэх миний сэтгэл тийм хурдан өөрчлөгдөхгүйг би бүгдэд дуулгамаар байна. Би үргэлж бүгдийн зорилгыг биелүүлэхийн төлөө тэмцэгч байсаар ирсэн бөгөөд эх орноосоо хэзээ ч нүүр буруулахгүй. Одоохондоо үүнээс өөр хэлэх үг алга. Баярлалаа Португал, баярлалаа Катар. Мөрөөдөл минь үргэлж сайхан байсан. Одоо бид бүгдэд өөр өөрийнхөөрөө дүгнэх боломж олгож, цаг хугацааг хамгийн сайн зөвлөгч болгох хэрэгтэй” гэж Рональдо бичжээ.
Эх сурвалж: BBC