Катарт үргэлжилж буй хөл бөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний (ДАШТ) үеэр өчигдөр түүхэнд бичигдэх тоглолт боллоо.
Энэ нь дэлхийн хошой аварга Аргентины шигшээ баг энэ тэмцээний хамгийн бага чансаатай баг болох Саудын Арабын шигшээ багтай хийсэн C хэсгийн эхний тоглолтод 2:1 харьцаатай хожигдсон тоглолт байв.
Хоёр баг дэлхийд эзлэх чансаагаар 48 байрын зөрөөтэй байгаа. Дэлхийн шилдэг тоглогчдын гуравт эрэмбэлэгдэж байгаа Лионел Мессигийн ахалсан Аргентины шигшээ сүүлийн гурван жилийн хугацаанд 36 тоглолтод ганц ч хожигдолгүй явж байсан юм.
Саудын Арабын эрх баригчид түүхэн ялалтаа тэмдэглэж, Лхагва гарагийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарлажээ. Өнөөдөр тус улсын төрийн болон хувийн хэвшлийн бүх ажилтан, албан хаагчид, бүх түвшний сургуулиудын оюутан сурагчид амрах болсныг өчигдөр орой зарласан байна.
Өчигдрийн тоглолт дууссаны дараа Саудын Араб даяар баяр хөөрөө өргөн хүрээнд тэмдэглэсэн юм. Угсаа залгамжлах хунтайж Мохаммед Бин Салман тоглолтыг дуусгах шүгэл дуугарсны дараа ах дүү нартайгаа тэврэлдэн баярлаж байгаа зураг сошиал сүлжээнд тарсан байна.
Өчигдөр үдээс хойш Саудын Арабын их сургуулиуд багийнхаа тоглолтыг үзүүлэхээр бүх оюутнуудаа амраасан юм. Хотуудын гудамж талбай эзгүйрч, кафе, ресторануудад тоглолт үзэхээр эрчүүдтэй эмэгтэйчүүд зэрэгцэн суусан нь Исламын хатуу дэгтэй тус улсад ховор үзэгдэл байлаа.
Тоглолтын өмнө хунтайж Мохаммед Бин Салман шигшээ багийн тоглогчдодоо “Тайван байж, чаддаг ажлаа хийхийг би та бүгдээс хүсэж байна” гэж захиж байжээ.
Гэхдээ хэн ч шигшээ баг нь дэлхийн шилдэг багуудын нэгийг хожно гэж төсөөлөөгүй юм.
Саудын Арабын шигшээгийн хожил зөвхөн тус улсын иргэдийг баярлуулаад зогсохгүй нийт Арабын ертөнцийн баяр болсон байна.
Эх сурвалж: The Guardian