Катар-2022: Ираны шигшээ баг талбайд төрийн дууллаа дуулахаас татгалзлаа

Катарт болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өчигдөр Ираны шигшээ баг Англитай хийх тоглолтынхоо өмнө талбайд төрийн дууллаа дуулаагүй байна. Үүгээрээ тэд эх оронд нь болж байгаа Засгийн газрын эсрэг жагсаалыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Тоглолтыг шууд дамжуулж байсан Ираны төрийн телевиз энэ үед камераа тамирчдаас шилжүүлж цэнгэлдэхийн дүрсийг харуулсан байна.

Цэнгэлдэхэд цугласан зарим хөгжөөн дэмжигчид багийнхаа үйлдэлд дургуйцсэн бол зарим нь “Эмэгтэй хүн, Амьдрал, Эрх чөлөө” гэсэн бичигтэй лозунг барьж Ираны жагсагчидтай эв санаа нэг гэдгээ илэрхийллээ.

Түүнчлэн зарим нь Ираны Засгийн газрыг хүчтэй шүүмжлэгч, эсэргүүцлийн хөдөлгөөний алдартай нүүр царай болсон хөлбөмбөгийн хуучин тоглогч Али Каримигийн нэрийг чангаар хашгиран хэлж байжээ.

Ираны шигшээ багийн дасгалжуулагч Карлос Кейруш В хэсэгт Английн шигшээд 6:2-оор хожигдсоны дараа хэлсэн үгэндээ Иранд болж буй үймээн самуун түүний багийнханд сөргөөр нөлөөлж, ихээхэн хохирол учруулсан гэсэн байна.

Иран улсад толгойн алчуур зүүгээгүй шалтгаанаар цагдаа нарт баривчлагдан амиа алдсан 22 настай Махса Аминигийн үхлээс үүдэлтэй эсэргүүцлийн хөдөлгөөнд 400 гаруй жагсагч амиа алдаж, 17 мянга орчим хүн баривчлагдсан гэж хүний эрхийг хамгаалагчид хэлж буй.