Х.Ариунаа: Аавыгаа үхэж буй дүрд тоглоход үзэгчдийн суудлаас хашгирчихаж билээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдавын охин СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн Хөгжимдөх урлагийн тэнхимийн хөгжмийн онол, сонсголын багш Х.Ариунааг “Нэртэй хүний зүстэй хүү” буландаа урилаа.

-Хүүхэд ахуй насныхаа сайхан дурсамжаас хуваалцана уу?

-Аав минь Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд бага насаа өнгөрүүлсэн. Найман настай байхдаа тэмээн жин дагаж хотод ирснээ хуучлах дуртай. Ээж хүрээнийх. Би хотын унаган хүүхэд. Намайг багад аав, ээж минь гадаад руу явах бүртээ оюун ухаан хөгжүүлэх тоглоом авчирч өгдөг байлаа. Би Хөгжим бүжгийн дунд сургуульд сурч байсан болоод ч тэр үү, хичээл, ном, төгөлдөр хуурын бэлтгэл гээд зав чөлөө ер гарахгүй.

Элдэв зүйлээр хамаагүй тогловол гар нь эвдэрчихнэ гээд ээж, аав ч тоглуулах дургүй. Өдөрт багадаа 2-3 цаг бэлтгэл хийхийн зэрэгцээ хичээлээ бас орхигдуулж болохгүй. Харин зуны амралтаар чөлөөтэй болж, гадаа дээс, чиртагаар наадаж, дугуй унана даа. Өвөл туннель дээрээс чаргаар гулгаж, зун нь дугуйт тэшүүрээр (рольк) тоглодог байв.

Ах, эгч нар дүү бид хоёроос олон насны зөрүүтэй. Тэд ирэх болгондоо хоёр нялх амьтанд “Ингэж болохгүй, тэгэх хэрэггүй” гээд л сургаал хайрлана. Тиймээс би дүүтэйгээ их аминчхан өссөн. Түүнийгээ хүмүүжүүлнэ. Аливаа зүйлийг зааж өгдөг байлаа. Нэг удаа Төмөрбаатар ахыг дагаж Баянзүрхийн товчооны ойролцоо сэлж сурахаар Туул голд орлоо. Тэр үед голын урсгал ширүүн, нэлээд өргөн, гүн байсан шүү дээ. Ямар ч гэсэн усанд сайн хөвдөг болоод гэртээ харьж билээ.

-Та төгөлдөр хуурч, онол, сонсголын багш. Чухам ямар онцлогтой мэргэжил юм бол?

-Би 1979 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийн төгөлдөр хуурчийн ангид Ардын жүжигчин Т.Цолмон багшид шавилж, удирдлагад нь найман жил суралцсан. Дараа нь 1987 оноос Москва хот дахь Чайковскийн нэрэмжит консерваторид хөгжмийн онолч, судлаач мэргэжлээр таван жил сурч, дүүргэлээ.

Мэргэжлийнхээ утга учрыг анх сайн ойлгохгүй л гадаад орныг зорьж байв. Мэргэжлийн онцлог минь хөгжмөөр дамжуулан хүн зон, хүүхэд багачуудыг гэгээрүүлдэг болохыг сурах хугацаандаа сайтар ойлгож, мэдсэн.

-Мэргэжлийнхээ юунд татагдав?

-Тухайн үед Хөгжим бүжгийн дунд сургуульд гадаадаас хуваарь ирдэг байсан юм. Нэг удаа хөгжмийн онолч, судлаач мэргэжлээр ЗХУ-д суралцах боломжтойг сонсоод явахаар шийдсэн.

Би бага байсан болохоор аав минь л энэ шийдвэрийг гаргасан гэхэд болно. Манай улсад ийм мэргэжилтэн цөөн байдаг болохоор тэр чинээгээр надад ачаа ногдсон доо.

-Таныг Соёл урлагийн их сургууль (СУИС)-д ороход ахмад үеийн мундаг төлөөллүүд байсан байх. Тэднээс зэмлэл, магтаалын алиныг нь их сонсдог байв?

-Би зэмлэлээс илүүтэй урмын үг сонсож өссөн. Ер нь аливаад суралцах сонирхолтой, сурлагадаа ч сайн хүүхэд байлаа. Тиймээс хатуу үг цөөхөн дуулсан. Заримдаа хүндэлдэг хүн минь надад хатуу үг хэлэхээр би гунигтай болчихдог юм.

Гэхдээ дандаа урмын үг сонсоно гэж юу байх вэ. Миний төлөө л гэж алт шиг сургаалаа хэлж байхад алдаа дутагдлаа засаж залруулах талаас нь хичээдэг.

-Үеийнхнээсээ та давуу талтай байсан байх даа. Мундаг аав нь охиндоо нандин зөвлөгөө өгдөг байсан нь лавтай.

-Би цэцэрлэгт байхаасаа л дуулах, бүжиглэх, хөгжим тоглох дуртай байлаа. Тийм болохоор аав намайг долоон нас хүрэхэд Хөгжим бүжгийн дунд сургуульд оруулсан. Тиймээс байнга зөвлөж, сургаал урмын үгээ хайрладаг.

Аав, ээж “Хичээлээ хий, хөгжмөө давт” гэж байнга үглэхгүй ч хийх арга, дадлыг тархинд минь суулгаж өгсөн. “Сурахаас хэзээ ч шантарч болохгүй” гэж аав байнга захидаг. Өдгөө ч би үүнийг нь дагасаар яваа.

-Ажлын гараагаа хаанаас эхлэв?

-1992 онд Чайковскийн нэрэмжит консерватори төгсөж ирээд ХБК-д хөгжмийн онолч, судлаачаар, 1998 оноос СУИС-д багшилсан. Урлагийн боловсон хүчин бэлтгэдэг хоёр том айлтай хувь заяагаа холбочихоод л явж байна.

Надад хүүхэдтэй ажиллах сайхан санагддаг. Тэр тусмаа хүнд мэдэхгүй зүйлийг нь зааж, танин мэдүүлнэ гэдэг багш хүний аз жаргал.

-Амьдралдаа баримталдаг зарчим тань юу вэ?

-Би шавь нартаа хичээл заахдаа багшийн байр сууринаас биш найз нөхөд, дотнын хүн шиг нь харилцахыг хичээдэг. Хүүхдүүдэд хичээл заахдаа механикаар тархинд нь суулгаж өгөх бус, таниулан тайлбарлаж, өөрсдөөр нь хийлгэж, хөгжүүлэх арга замыг байнга эрэлхийлдэг.

-Анх энэ салбарт хөл тавихад амаргүй байсан уу?

-Манай улсад хөгжим судлалын онолын салбар харьцангуй залууд тооцогддог. Номын дууг нь сонсоогүй ч гэрийн хөгжмийн мундаг боловсролтой М.Дугаржав тэргүүтэй буурлууд суурийг нь тавьсан голомтыг хойч үедээ залгамжлуулахаар хөдөлмөрлөж явна. Салбар маань хөгжлийнхөө ид үед явж байгаа.

Багшлах, заах арга зүйг голлож, эрдэм шинжилгээ, шүүмж судлалыг орхигдуулж байх шиг. Өмнөх үеийн төлөөлөл болсон Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, судлаач Д.Оюунцэцэг багшийн дэгээс зөрүүтэй байгаа нь хүртэл хөгжим судлалын ном, сурах бичиг цөөн хэвлэгдэж буйтай холбоотой.

-Ааваараа бахархах сайхан ч төдий чинээ хариуцлага ногддог болов уу?

-Аав сайн дуучин, төдийгүй чадварлаг багш. Гарыг нь ганзаганд хүргэсэн олон шавь нь үүний баталгаа. Надаас аавын түвшний зүйл харна гэвэл хэцүү. Эзэмшсэн мэргэжил ч өөр. Гэхдээ мундаг хүний хүүхэд өдий зэрэгтэй байлгүй яах вэ гэсэн хүмүүсийн итгэл, сэтгэлийг хөсөрдүүлэхгүйг хичээдэг.

-Аав тань мэргэжилдээ их хатуу, зарчимч хүн шиг харагддаг. Хүүхдүүддээ хэр чанга байв?

-Буруу зүйл хийвэл загнана. Аливаа зүйлийн жорыг тааруулдаг хүн дээ. Хэрэгтэй зүйл дээр шаардлага тавьж чаддаг. Бага зэрэг зөрүүд.

-Аавтайгаа хамт СУИС-д ажиллахад ямар санагддаг вэ?

-Намайг Хөгжим бүжгийн дунд сургуульд сурч байхад аав багшилж л байсан. Өдгөөг хүртэл 70 орчим жил урлагийн боловсролын төлөө үнэнчээр зүтгэж яваа. Аавынхаа мэргэжлийг залгамжилж багш болсон нь нэр хүндийн хэрэг.

Эцгийнхээ үүсгэн байгуулалцсан сургуулийн ирээдүйн хөгжлийн төлөө тархи, оюунаа чилээж буй минь их аз завшаан.

-Та хэчнээн шавьтай болсон бэ?

-Би гарыг нь ганзаганд хүргэсэн хоёрхон шавьтай. Анхны шавь Х.Мөнхтуяа минь БНХАУ-ын Шанхай хотын Хөгжмийн дээд сургуульд докторын зэрэг хамгаалахаар сурч байна. Удаах нь Ө.Энхтуяа, энэ жил СУИС-ийг төгссөн. Манай мэргэжлийнхний хувьд энэ жил “ургац” арвинтай байлаа.

Учир нь ХБК, СУИС-ийг тус тус нэг оюутан төгссөн. Энэ чиглэлээр суралцах хүүхэд цөөн, төгсөж байгаа нь ч ховор. Шалгуур өндөр, ачаалал ихтэй мэргэжил. Зарим жил энэ чиглэлээр элсэлтгүй үлдэх нь энүүхэнд.

-Та аавынхаа ямар бүтээлд илүү их хайртай вэ?

-Аавыг дуурийн театрын тайзан дээр дүр бүтээхэд би их догдолдог байлаа. Нэг удаа буудуулан үхэж буй дүрд тоглоход нь үзэгчдийн суудлаас “Аав аа” гэж хашгирсан удаа бий. Миний хайртай дүр нь “Шивээ Хиагт” дуурийн Онолт өвгөн. Сэтгэлд бууж, зүрхэнд хүрсэн дүр.

Сүүлд кино дуурь болоход нь аавынхаа тоглосныг үзээд өөрийн эрхгүй нулимс бөмбөрүүлсэн. Одоо ч тэр хэсэг нь сэтгэлээс гардаггүй юм.

-Ээжийнхээ талаар ярина уу?

-Ээж минь дотрын анхны эмч нарын нэг Р.Онон. Намайг ер ажил хийлгэхгүй. “Урлагийн хүн болох юм чинь гар нь эвдэрчихнэ” гэнэ. Би багадаа ээжийг хэзээ унтдаг юм бол гэж гайхдаг сан. Ээж их дөлгөөн, даруу зантай, хүнтэй эвтэй харилцдаг. Алсын хараатай, дуу цөөтэй, бодож бодож ганц, хоёр үг унагадаг. Эмч мэргэжилтэй ч урлагийн гүнзгий мэдлэгтэй хүн.

-Хүүхдүүдээс тань таны мэргэжлийг өвлөсөн хүн бий юү?

-Миний хань Ө.Гантөмөр инженер мэргэжилтэй. ШУТИС-ийн Барилга архитектурын сургуульд багшилдаг. Бид гурван хүүхэдтэй. Том хүү Г.Анарыгаа төрүүлээд 10 цагийн дараа, үрийг минь эмч авч ирэхэд сэтгэлээс хайр, энхрийлэл ундраад л ирдэг юм билээ.

Том хүү минь банкны эдийн засагч, дунд охин Г.Анударь минь нягтлан бодогч. Бага хүү Г.Алтаншагайгаа нэлээд хожуу төрүүлсэн. Тиймээс хүүгээ хоёр сартайд нь хадам ээж, охин хоёртоо даатгаад ажилдаа орсон. Охин минь дүүгээ харах болсноор эрс өөрчлөгдсөн шүү. Гэрийн бүх ажлыг амжуулж, амттай сайхан хоол хийж сурсан даа.

-Урлагийнхан аливаа зүйлийг гэгээлгээр хардаг. Та ямар зан араншинтай хүн бэ?

-Бага зүйлээс ч эрч хүч авч чаддаг, зөрчил маргаанаас хол, төлөв даруу, мөрөөдөмтгий, романтик, зөрүүд хүн юм болов уу даа.

-Та хөгжмийн боловсрол олгодог хүн. Хөгжим хүнд ямар сайхан зүйл өгдөг бол?

-Сайн сайхан бүхнийг хөгжим хүнд өгдөг. Хөгжим сонсож өссөн, ялангуяа агуу зохиолчдын сонгодог хөгжмийг сонсох дуртай хүн аливааг хүлээж авах, ойлгох чадвар нь ч сайн хөгждөг. Монгол түмний хувьд бүүвэйн дууг орлуулах сайхан аялгуу үгүй.

-Таны хэтийн зорилго юу вэ?

-Монгол хүүхэд бүр хөгжим сонсож, мэдэрч, ойлгодог болж төлөвшөөсэй гэж хүсдэг. Тиймээс ч сүүлийн дөрвөн жил ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн хичээлийн сурах бичиг зохиох багт ажиллаж байна. Бүх төрлийн хөгжмийг сонсдог, ойлгодог хүн олон байгаасай гэж бодож, түүнийхээ төлөө ажиллаж байна.

-Уран бүтээлч хүнд байгалиас заяасан авьяас хамгийн чухал гэж үзэх нэгэн байхад хөдөлмөр, хичээл зүтгэл хамгаас чухал гэх нь бий. Өнөөдрийн Х.Ариунааг аль нь бий болгов?

-Удам дамжиж ирсэн багахан авьяасыг өөрийн хүч хөдөлмөр, хүсэл эрмэлзлэлээр дэмжин, ургуулж яваа гэж боддог. Хөдөлмөр хүнийг бүтээдэг гэдэг шүү дээ.