Дижитал ирээдүйд таны бизнес тэсч үлдэх 8 ШАЛТГААН

1. Ажлын цаг

Цагтаа ирдэггүй, цаг барьдаггүй, цагаасаа өмнө тардаг гэх мэт асуудал бол хүний нөөцийнхний толгойны өвчин. Ажлын байр болгоны үүдэнд нэг хурууны хээ уншигч байх. Хүмүүс үнэхээр ингэж хариуцлагагүй ханддаг хэрэг үү гэхэд өглөө 09:00 цагт цуглуулаад орой 18:00 цагт тараана гэдэг амаргүй шүү гэж хүний нөөц нь учирлана. Үүнийг дагаад өнөө “бүтээмж” буурч, дэмий суугаад цалин авагсад олшроод байна гэнэ. Зарим газар бүр цагийн бүртгэлийн дэвтэр байх бөгөөд хэн нэгэн нь үүдэнд суугаад орсон гарсан болгоны цагийг нэг бүрчлэн бичиж харуулын үүргийг гүйцэтгэнэ. Харин цалин бодох цагт өнөө хурууны машин, үүдний харуул хоёрт олон хүн ундууцна. Тэгсэн атал орой ажил тарсны дараа утсаа авах хүнгүй болж ажил олгогч уураа барна.

Эцэг эхийн минь үед байсан энэ аргыг технологийн эринд ашиглах нь хэр оновчтой вэ? Дэлхий дахинаа 2020 он гэхэд хөдөлмөрийн насны хүн амын 50 хувийг millennials буюу шинэ цагийн, дижитал орчинд өссөн хүүхдүүд эзэлж, тэдний бусдад хандах хандлага, ажиллах орчин нөхцөл өөр түвшинд гарах учир ажлын 8 цагт уях боломжгүй болох юм. “Mind the gaps: The 2015 Deloitte Millennial Survey,” Deloitte Touche Tohmatsu , 2015

Нэгэнт дижитал орчинд ажиллаад эхэлсэн хүн ажлын цагт баригдахгүй. Тэд хүссэн үедээ, дэлхийн хаанаас ч ажлаа хийнэ. Учир нь ажиллах орчин өөрөө тэдний гар дор байгаа учир. Олон улстай ажилладаг компаниуд юун түрүүнд дижитал шилжилтийг яаран хийж байна. Учир нь тэдэнд цагийн зөрүү гэж том боломж, бас эрсдэл байдаг. Ажлын найман цагт баригдан ажилладаг хүнд үдшийн 10:00 цагт Лондонгоос ирэх дуудлагыг авах хүсэл үгүй болно. Учир нь хурууны хээгээр уясан учраас л тэр.

Ажил олгогч таны ажиллах арга барилыг хүссэн хүсээгүй өөрчлөх нэг шалтгаан бол хэзээ ч ажлаа хийхэд бэлэн технологийн шинэчлэл, тийм хандлагатай ажилчид бий болж эхэллээ. Тэд гар утаснаасаа өглөө явуулсан файлыг засч янзлаад, багийнхаа хүмүүсийн сэтгэгдлийг онлайнаар сонсчихоод өнөө файлыг орой гэхэд буцаагаад явуулчихаад маргааш өглөөний хурал дээр эцсийн байдлаар танд харуулж чаддаг болсон. Харин та энэ шилжилтэд бэлэн үү?

2. Хаанаас ч, ямар ч төхөөрөмжөөс ажлаа амжуулж болно

Дээр хэлсэн цаг хамаарахгүй ажиллах хүчний хамгийн гол зэвсэг бол төхөөрөмж. Гар утас, таблет, зөөврийн компьютер гээд гарт олдсон ямар ч төхөөрөмжөөс ажлаа хийх боломжийг технологийн мэргэжилтнүүд олгож эхэлсэн. Олон зуун цаас хэвлэж, хувилж, хадгалахын шаардлагагүй, хүмүүс хоорондын харилцаанд хүртэл өөрчлөлт орж байгаа энэ үед бид бэлэн үү гэж асуух нэгэн байгаа байх. Цаг заваа ашиглан, бүхий л төхөөрөмжөөс ажиллах боломжтой гэдгийг доорх судалгаа баталж байна. 2017 оны байдлаар 2 сая 400 гаран мянган хүн хөдөлгөөнт интернэтийг өдөр тутмынхаа амьдралд хэрэглэж байна.

 

http://cita.gov.mn/wp-content/uploads/2017/01/white_paper_2017_mn.pdf

Замын түгжрэлд, хүн хүлээхэд, гадуур явж байхдаа, гадаадад ажиллаар явахдаа ч орон зай үл хамааран ажлаа гүйцэтгэж, ажлын ширээний ардаас биш өөрт амар, тав тухтай эсвэл боломжит бүх газраас үр бүтээмжтэй ажиллах тэр боломжийг орчин үеийн ажилтан хүсч байна. Оффисын өдөр тутмын програмууд аль төхөөрөмжид ажиллах бөгөөд орж ирсэн мэдээлэлд алдалгүй хариулж, хүлээж авч, түгээж байна. Дээр нь хурал зөвлөгөөнийг онлайнаар хийж, шийдвэр гаргах үйл ажиллагааг цаг алдалгүй гүйцэтгэнэ. Багаар ажиллах боломжийг санал болгосон онлайн програмуудыг оновчтой ашигласнаар хаанаа ч хэзээ ч хэнтэй ч холбогдон, үйл ажиллагаагаа оновчилж, гүйцэтгэх боломжтой. Ажилтны hard skill-ээс гадна Soft skill-ийг хөгжүүлэхэд ямар ч төхөөрөмжөөс хаанаас ч ажиллаж болох энэ боломж ихээхэн үүрэгтэй. Багаар ажиллах боломжийг нэмэгдүүлснээр үүрэг хариуцлагаа ухаарах сэтгэлгээ өөрчлөгдөн, байгууллагын соёлд эерэгээр нөлөөлдөг. Тэгэхээр хүссэн хүсээгүй ирж буй энэ өөрчлөлтөд удирдагч та бэлэн үү?

3. Бүтээлч сэтгэлгээ

Авах хүн бөхийж өгөх хүн гэдийдэг хорвоод цалингийн хэмжээ гэдэг ажил хайж буй хүнд, танай ажилчдад сонголтоо хийх нэг том шалтгаан болдог. Зарим нь ямар ажил, хэдий хэрийн ачаалалтай, үүрэг хариуцлага асуулгүй танаас зөвхөн хэдэн төгрөг авахаа л тооцоолж шийдвэрээ гаргадаг бол зарим нь энэ ажлыг хийхэд өөрт ирж болох нь цаг хугацаа болоод бусад ашиг сонирхлын асуудлаа тооцоолж танай байгууллагыг сонгоно. Ажилтны ур чадвар, цаг зав, сэтгэл, хандлагыг бид бизнес болгон үүний ард олон хүн орлоготой, олон айл хоолтой байх зарчимаар ажил олгогч, ажилтан нарын үйл ажиллагаа явагддаг. Ажилтны тэр олон чадвар, мэдлэгийг зөвхөн ашиглахад бус хөгжүүлж, хөрөнгө оруулж чадвал буцаад ирэх ашиг орлогыг нэмэгдэхээс гадна өнөө зөвхөн танаас авах гэсэн сэтгэлгээг өөрчилж бас болно. Үүнд бид өнөөдөр трэнд болж буй үүлэн технологи, гадаад хэлний мэдлэг, мэргэжлийн ур чадварын сургалтыг онцолж болно. Шинэ соргог зүйлд суралцаж, өөрт нь оруулж буй хөрөнгө оруулалт бодит үр дүнгээ өгөөд эхлэхээр өнөө хүмүүсийн авах бус эргээд өгөх сэтгэл нь дийлж, ажилдаа бүтээлчээр хандаж, энэ өөрчлөлт бүтээгдэхүний борлуулалтаас эхлээд компани доторх соёлыг хүртэл эерэгээр өөрчлөх хүчтэй.

Ажилтны Soft skill буюу хандлагын асуудал өнөөдөр ихээхэн яригддаг болж энэ талаар олон төрлийн сургалтын зохион байгуулалттайгаар эрэлхийлж байна. Тэгвэл дижитал шилжилтийн энэ үед бүтээлч сэтгэлгээ яагаад тийм чухал вэ? Бүх зүйл хиймэл оюун ухаанаар шийддэг болчихвол хүмүүний хэрэг байгаад яахав, угаас хөгжөөд ч барахгүй болох юм байна гэж зарим хүмүүс таамаглах байх. Тэгвэл энэ шилжилтийг хийхийн тулд технологид анхаарахаасаа гадна ажилчдынхаа хандлагад өөрчлөлт хийх хэрэгтэй болох нь. Энэ онд гаргасан доорх таамагт бол хувь хүний чадамжид хэрхэн өөрчөлт орох нь харагдаж байна.

Өнөө арван хуруугаар шивдэг, англиас гадна хоёр хэлний мэдлэг зэрэг ор сураггүй болж оронд нь аливаад оновчтой дүгнэлт хийж, шүүмжлэлтэй хандаж, асуудлыг түргэн шийдэж, бүтээлчээр сэтгэх хэрэгтэй болж байна. Тэгвэл ийм өөрчлөлтөд та болон танай хамт олон бэлэн үү?

4. Дүрэмгүй тоглоом

Хэдхэн жилийн дараа хүч түрэн орж ирэх дижитал хүүхдүүд ажил олгогч таны дүрмээр тоглохгүй л болов уу. Тэд таны өгөх гэж цалингийн хэмжээнд бус хийх гэж буй ажилд нь хэр нийцэж, тэрхүү ажлаас хэр зэргийн таашаал авахаас шалтгаалж шийдвэрээ гаргана. Өөрийн гэсэн бүхэнд харам байх бөгөөд өөлж гоочилсон нэгнийг бол зүгээр л орхиод явж чадна. Үйлдвэрлэлийн IV хувьсгалд доор таамаглалд дурдсан шиг салбарт бүрт роботын гүйцэтгэх үүрэг өндөрсөх хэдий ч шинэ үеийн залуус хүүхдүүд энэ өөрчлөлтөд бэлэн байгаа.

Байгууллагын дотоод журам, ажлын цаг, ажлын байр гэх мэт ажилчдыг уясан, сэтгэлгээг боомилсон аргууд тун удахгүй үгүй болж (зарим байгууллага энэ өөрчлөлтийг хэдийнээ хийж эхэлсэн) ажилтан өөрөө дүрмээ зохиож, өөрөө ажлаа санаачилж, өөрийнхөөрөө сэтгэж ажиллах тэр боломж бидэнд ирж байна. Технологид оруулсан хөрөнгийнхөө үр дүнг хармаар байгаа бол ажилчдадаа өөрийнхөөрөө сэтгэж, өөрөө өөртөө эзэн байх боломжийг олгоорой. Учир нь танд тэднийг тоглоомын үндсэн дүрмийг дагаж байгаа эсэхийг хянах боломж танд байгаа. Багаар ажиллах боломжийг нээхдээ тэдэнд удирлагыг өгч байгаа хэрэг биш. Ажилчдын ажлын үйл явц, хэрэгжилт, үр дүнг та онлайнаар харж дүгнэлт хийх болно. Өдөр болгон хуралддаг байсан цагаа өөр зүйлд зарцуулж, ажиллах орчинг дижитал болгосноор таныг албан томилолтоос эргэн ирэхийг хүлээж, албан бичиг барьж өрөөгөөр чинь сэлгүүцэх ажилтан үгүй болно гээд бод доо.

Олон улсын шаардлагад нийцсэн цалинтай ОЛИГТОЙ ажил олоход хэцүү учир ажилгүй сууж байгаа.

Ур чадварыг урдаа барьж ажилтан сонгодог болсон энэ жишээ дэлхийд тэргүүлж буй олон компанид харагдаж байна. Үүгээр дээд боловсролыг үгүйсгэж байгаа юм биш. Гэхдээ танимд олж мэдсэн онолоор бус технологийг хэрхэн хурдан эзэмшиж, бусадтай хэрхэн харьцаж, бүтээлч сэтгэлгээ, хандлага нь хаашаа хандаж байгаа тэр хүнийг л эрэлхийлж байна. Хүн өөрийнхөөрөө сэтгэж, өөрөөрөө байгаа цагт тэнд чин сэтгэл харагдаж, бүтээмж дээшилдэг. Харин удирдагч та ажилтандаа ийм боломжийг олгоход бэлэн байна уу?

5. Хүн чанарын эрэлд

Шанхайд төгссөн хүүхэд Монголдоо буцаж ирээд олигтой ажил олдоогүй учир буцаж очоод магистр зэрэг авахаар одсон юм. Удахгүй төгсөж ирсэн ч мөн л олон улсын шаардлагад нийцсэн цалинтай ОЛИГТОЙ ажил олоход хэцүү учир ажилгүй сууж байгаа. 2 сургууль төгссөн, хос хэлтэй, төрмөл авьяастай, 2 дилломтой нөхдөд ажил яагаад олдохгүй байна гээд асуувал шалтгаан олон гарах байх. Төгс нийгэмд боловсорч, олон улсын жишгээр амьдраад сурчихсан болохоор Монголд ажил угаасаа олдохгүй, олдсон ч санаанд нь нийцэхгүй. Хамт олон бүдүүлэг, ядаж ганц и-мэйл ч англиар бичиж чадахгүй, бүгд цалингийн зээлтэй, олигтой ууж идэж орж гарах боломжгүй.

Гэтэл Google, Apple тэргүүтэй 13 компани 2 дипломтой нөхдийг биш юмыг хурдан сурах чадвартай, Soft Skill нь дэндүү сайн өөрөөр хэлбэл хүн чанартай хүнийг ажилд авч эхэлснээ зарлаж байна. Яагаад гэвэл

ирээдүйд ийм дүр зураг харагдаж байгаа юм. 2025 онд ажлын байранд машин хүний эзлэх харьцаа ийм ялгаатай болох учир тэд машинаас ялгагдах ХҮН ЧАНАРын эрэлд гарсан нь энэ. Мэдээж дээд боловсрол чухал, гэхдээ ажлын байранд гараад өөрийн чадварыг дээшлүүлэхэд хэрэгтэй мэдлэгийг хурдан эзэмших чадвар технологи хурдтай хөгжиж буй өнөө үед хамгийн чухал болоод байна.

Хүн бүр 10 хуруу тэгш биш учир ажилчдаа сургах, хөгжүүлэх, технологид оруулсан хөрөнгө оруулалттайгаа зэрэгцүүлээд тэдний хөгжилд бас хөрөнгө оруулах хэрэгтэй болох нь. Чадвартай ажилчид явахын оронд өөрийн хуучин ажилчдаа сургах нь бас нэг арга.

Дижитал шилжилтийг хийхийн тулд зөвхөн програм хангамжаа сайжруулж, ажлын процессоо автоматжуулахаасаа илүү хүмүүсээ сургаж, өөрсдөө ч мөн цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах хэрэгтэй. Удирдагч та өөрөө ч мөн энэ шилжилтэд бэлдэж суралцах хэрэгтэй болох нь. Харин та үүнд бэлэн байна уу?

Нийт ажилтнуудын 31 хувь нь байгууллагын мэдээллийн зарах боломжтой гэсэн судалгааг уншаад мэдээллийн аюулгүй байдал хичнээн чухал хэр нь эмзэг болохыг ойлголоо. Хүн бүрийн компьютерт албаны ямар нэгэн хэрэгтэй файл байдаг. Түүнийгээ хаа сайгүй авч явна. Зарим нь алдана, эвдэнэ. Дээр нь элдэв зүйлээр компьютерээс компьютерт файлаа зөөж, имэйл бүрт нэг файл хавсаргаж, сүүлдээ аль нь хамгийн сүүлийн хувилбар нь хаа яваа нь бүү мэд. Ийм замбараагүй байдал аль ч байгууллагад байгаа бөгөөд үүнийгээ яаж шийдэхээ сайн мэдэхгүй байгаа нь бас олон.

Дээр хэлсэн мэдээлэл алдагдах байдал хэн нэгний санаатай үйлдэл гэхээс мэдлэггүй, мэдээлэлгүй байдлаас үүдэлтэй. Дижитал орчинд ажиллахаар шийдсэн олон удирдлагын хамгийн эхний шалтгаан бол ердөө энэ. Мэдээллээ хэрхэн цэгцтэй, хамгаалалттай байрлуулж, үр дүнтэй ашиглах вэ гэдэг энэ асуудлаас болж шилжилт хийх санаачлага гарсан байдаг. Учир нь ирэх 10 жилд тохиолдох хамгийн том эрсдлийн жагсаалтад кибер халдлага болон дата алдах эрсдэл орсон байна.

Kaspersky гэх мэт анти вирус програм нь төхөөрөмж хамгаалах, мэдээллийн онлайн орчинд хамгаалан арга үр дүнтэй хэдий ч хамгийн гол нь таны удирдлага дор ажиллаж буй хүмүүсийн мэдээллийн аюулгүй байдлын тухай мэдлэг, түүнийг хэрхэн хамгаалах, дамжуулах талаарх өдөр тутмын ажил хамгаас чухал.

Ядаж ажилчдадаа спам имэйл нээж болохгүй гэдгээс эхлээд сошиал орчинд элдэв санал асуулга бөглөхгүй байх тухай сургалтыг үе шаттайгаар, спам зэргийг таних аргыг тогтмол сургаж байх хэрэгтэй. Тэгэхээр компани бүр мэдээлэл технологийн компанийн дайтай ажиллах шаардлага гарч ирж байна. Мэдээллийн санд сууж байгаа ажилтан бүр хариуцлагаа өндөрсгөж, хэрэгтэй мэдээлэл, файлаа онлайн орчинд цэгцтэй хадгалах шаардлага хэрэгцээ гарч ирж байна. Харин удирдагч таны мэдээллийн аюулгүй байдал ямар түвшинд байна вэ?

7. Мэдээлэл

Хэзээ, хаана юу болохыг төвөггүйхэн мэддэг эрин үед бид амьдарч байна. Үүнийг мэдээллийн эрин зуун гэх. Юмсын тухай, үзэгдлийн тухай мэдээлэл ил тод болох цагт сайнаар бодоход алив үйлдэл хурдан, муугаар бодоход хувийн орон зай гээч нь үгүй, ийм л нийгэмд бид өнөөдөр амьдарч байна.

Байгууллагын эрхэм зорилго, алсын харааг дотор нь ажиллаж буй хүмүүс сайтар ойлгож байж нэгэн зүгт сэтгэл нийлэн тэмүүлнэ. Эс бөгөөс цаг нөгцөөж, цалин бодуулж, дахиад хэдэн төгрөг илүү амалсан байгууллага руу шилжих шалтагаа толгойдоо боловсруулж сууна. Санхүүгийн болоод байгууллагын дотоод асуудал бүхий мэдээллийг тэр бүр бүх хүн мэдэж байх албагүй хэдий ч бусад ажлын холбогдолтой мэдээллийн урсгалыг байгууллага дотроо чөлөөтэй эргэлдүүлэх нь цаашид хөгжихөд ихээхэн хэрэгтэй.

Мэдээлэл болон хувийн асуудлыг холбож хов жив болгодог байгууллагын соёлыг өөрчлөхөд амаргүй. Энэ асуудал гэр бүлийн бизнест ихээхэн хамаатай.

Тэгвэл мэдээлэл хуваалцах энгийн хэр нь үр дүнтэй аргуудаас хуваалцъя.

1. Ярилцлага

Нүүр нүүрээ хараад ярилцах бол хамгийн үр дүнтэй арга. Хүссэн асуултынхаа хариултыг цаг алдалгүй авч, өөрийн үүрэг хариуцлагад хэрэгтэй асуудлыг газар дээр нь шийдвэрлүүлэх шилдэг арга.

2. И-мэйл

Мэдээж бас нэг гарц, Гэвч энэ дундаас мэдээлэл алдагдах явдал цөөнгүй. Өмнөх бичвэрт дурдснаар спам и-мэйлийг таньж мэддэггүй ажилтантай бол и-мэйлийн аргаар дотоод мэдээллээ бүрэн алдах боломж бий. Гэхдээ ёс зүйн хувьд өндөр түвшинд ажилладаг, Soft Skill хөгжсөн ажилтан хэзээ ч ийм үйлдэл хийхгүй. Мөн 100 хувь хамгаалагдсан лицензтэй програмууд таны онлайн орчин дох харилцааг бат сайн хамгаалж чадна.

3. Форум

Олон ажилтантай байгууллагын хувьд мэдээллийн чанартай форум зохион байгуулах нь бас нэг үр дүнтэй арга. Мэдээллээр цангасан, гарах гарц, шийдэл хайж буй ажилтан энэ арга хэмжээг тэсэн ядан хүлээдэг. Тэд хамгийн түрүүнд бүртгүүлэх явдал нь хэрэгтэй хүнд хэрэгтэй мэдээллийг нь хүргэхэд бас нэгэн шүүлтүүр болж өгдөг.

4. Онлайн видео, дуудлага

Эхний аргатай төстэй боловч цаг хугацаа, санхүүгийн талаас хэмнэлттэй. Олон хүнд дэлгэцээ хувааж мэдээлэл солилцож болох олон шийдлүүдийг мэргэжилтнүүд санал болгож байна.

Зөв мэдээллийг цаг алдалгүй хуваалцаж байхгүй бол буруу мэдээлэл, хов жив танай байгууллагаас салахаа болино. Учир нь хүн мэдээллээр байнга цангаж байдаг. Мэдээлэлгүй хүмүүс хамтарч ажиллаж чадахгүй, хамтын ажиллагаа үгүй бол бизнес цэцэглэхгүй. Ил тод, шударга орчинд хүн өөртөө илүү итгэлтэй болж, ажлын бүтээмж нэмэгдэх болно.

8. Үүлэн технологи

Тэгээд миний файл, мэдээлэл хаана байх юм бэ? гэж асуух хүн олон. Таны мэдээлэл үүлэн дунд биш, таны компьютерт ч биш найдвартай серверт багтаамж сайтай газар хадгалагдаж байгаа бөгөөд та гар доорх аль ч төхөөрөмжөөс үнэт зүйл болсон дата мэдээллээ хянаж, хэрэглэж, түгээх боломжтой. Дэлхий даяар бидний мэдээллийн дөнгөж 20 хувь нь хайлтын системээр илэрдэг бөгөөд үлдсэн 80 хувь нь бизнесийн чанартай буюу хамгаалагдсан байдаг байна. Тэгвэл дата өгөгдлийн үнэ цэнэ улам ихэсч тэр хэмжээгээрээ эрсдэл дагуулах болох нь.

Дата өгөгдлийн үнэ цэнэ улам ихэсч тэр хэмжээгээрээ эрсдэл дагуулах болох нь.

Үнэ цэнэтэй болохын хэрээр үүрэг хариуцлага нэмэгдэж, аюулгүй байдлын асуудал толгойны өвчин болж ирнэ. Засгийн газар, байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын хэсэг гээд дээрээсээ эхлээд хувь хүн танд хүртэл хариуцлагаа өндөржүүлэх хэрэгтэй болох нь тодорхой.

Үүлэн технологи өөрөө хиймэл оюун ухаан, блокчейн гэх мэт сүүлийн үеийн гол сэдвүүдтэй хамгийн их уялдаатай учир ажил олгогч, бизнес эрхлэгч та энэ талын мэдлэгээ бусаддаа хуваалцаж, мэдээллийн үнэ цэнийг ажилчдадаа ойлгуулах үе шат бүхий сургалтыг тогтмол зохион байгуулах хэрэгтэй. Мэдээллийн тухай мэдээлэл буруу байхын хор уршиг их. Буруу мэдээлэл цацагдснаас болж байгууллага доторх айдас ихэсч, удахгүй дампуурч, тэтгэвэрт гарахын хэрд үгээгүй ядуу болчих юм шиг мэдрэмж ажилчдад төрөх нь элбэг. Тиймээс дэлхий ертөнц, дата орчин хэрхэн хөгжиж буй тухай, үүний ач тусын тухай ярьж, ойлгуулж, дижитал орчинд ажиллах боломжийг мэдрүүлж, амтлуулж байх нь энэ төрлийн эрсдлээс хамгаалахад тустай. Доорх судалгаа бас их сонирхолтой. Ойрын ирээдүйд амьдрал сайжирна гэсэн итгэлтэй байгаа улс орнуудын жагсаалт.

 

Эмпасофт академийн Гүйцэтгэх захирал

Нийтлэлч, Н.Энхсайхан

Эх сурвалж: Four seasons Mongolia