Парис маягийн минимал амьдралын 10 жор 

Four seasons” сэтгүүл “Эмэгтэйчүүдийн хөтөч” буландаа  Парис маягийн минимал амьдралын жороос хуваалцах гэж байна.

Дэлхий дахинд Японы минималист амьдралын хэв маяг ихэд алдартай. Гэхдээ амьдралаас таашаал авч, үзэсгэлэнтэй, дэгжин амьдрахыг хүсдэг хүмүүст Японы минимал амьдралын хэв маяг тийм ч тохиромжтой биш. Магад нэг тийм дэгжин, донжтой бүсгүй танд Франц маягийн минимал амьдрал илүү зохино.

Энэ талаар Холливудын алдарт жүжигчин Женнифер Л.Скоттын бичсэн “Шик хатагтайн зөвлөгөө” номоос ишлэн хүргэе. Тус номонд хэрхэн сайн эзэгтэй, сайхан эмэгтэй байж, эргэн тойрноо гэрэлтүүлэн, аз жаргалтай амьдрах талаар дэлгэрэнгүй өгүүлжээ. Жүжигчин Женнифер Л.Скоттын хувьд эрх чөлөөний өлгий АНУ-ын Лос Анжелес хотоос романтик гэгддэг Францын Парис хотноо оюутан солилцоогоор хөл тавьжээ. Тэрээр язгууртан гаралтай нэгэн айлд амьдрах болсон ба амьдралыг харах өнцөг, хэв маягийг нь өөрчилж, олон зүйл сургасан тэрхүү гайхалтай гэр бүлийг “Ноён Шикийнхэн” гэж бүхэлд нь нэрлэж, бестселлер номоо бичсэн байна. Ноён Шик, хатагтай Шик нар тун төвөггүй хэрнээ ихэмсэг, ихэс дээдсийн амьдралаар амьдардаг боловч ихэд нээлттэй, бүгдийг өөрсдөө хийдэг гэр бүл байж. Тэдний гал тогоонд зөвхөн хатагтай Шик л ахлах тогоочоо хийнэ. Гэрийн үйлчлэгч байхгүй. Бүх зүйл нь эмх цэгцтэй учраас тийм хүн ч шаардлагагүй тухай өгүүлжээ. Тиймээс манай хатагтай, эзэгтэй нар энэхүү номоос суралцах, авах зүйл их. Бидний тэмдэглэл таалагдаж байвал та ч бас Парис маягийн минималист амьдралын хэв маягийг туршаад үзээрэй.

1.    Гэр бүлээ аз жаргалд хөтлөгч эзэгтэй

Хэдий өдөр бүр ажилтай ч гал тогоондоо, гэртээ эзэгтэй байхыг эрмэлзээрэй. Парис эмэгтэйчүүд гал тогоондоо эзэн байх дуртай гэнэ. Тухайлбал, номын гол дүр хатагтай Шик өглөө бүр ажилдаа явахаасаа цаг хагасын өмнө босч, өглөөний цай бэлдэж, яарч сандралгүй гэр бүлийнхэнтэйгээ тун аз жаргалтайгаар өглөөг угтдаг байна. Мөн тэрээр өглөөний цайны үеэр халаадаа тайлаад, даашинзаа ч солиод өмсчихсөн ихэд ихэмсэг зоогоо барьдаг аж. Харин бусад гишүүд түүний бэлтгэсэн шинэхэн жимсний чанамал, амтат талхны үнэр, хийцийн сайхныг таашааж, инээд хөөр цалгин хооллодог байна. Ажлын өдрүүдэд өдрийн хоолоо гадуур зооглох ч оройн хоолонд гурван төрлийн тансаг зоог барьдаг гэнэ. Орой бүр нүд булаам засалт бүхий ширээг тойрон сууцгааж, хоолыг зөвхөн амтархан идэхэд төвлөрч, талархлын үгс дүүрэн зооглогдог гэх. Өдөр бүр ийм маягаар сэтгэл татам зоог баривал хэн ч оройн хоолноос өмнө аахар, шаахар зүйл идэж, амны зугаа хийх болон гадуур хооллохыг хүсэх билээ.

2.    Гал тогоо бол сайхан хоол үйлдвэрлэдэг газар

Монголын ихэнх орон сууц, байрнууд зай талбай багатай. Гал тогоо, зочны өрөөтэй ойролцоо, бүр нэг дор байх нь ч бий. Энэ нь зурагт үзэж суухдаа хөргөгч рүү гүйж, байнга хивэх, цаг наргүй идэж уух нөхцөлийг бүрдүүлдэг сул талтай. Тиймдээ ч өнөөдөр “таргалалт”  зовлон болж, хоолны дэглэм барих асуудал бүсгүйчүүдийн ярианы ТОП сэдэв болтлоо газар авсан биз ээ. Тиймээс гал тогоог зөвхөн хоол идэх зориулалтаар ашигладаг өрөө болгож, болж өгвөл зочны өрөө, унтлагын өрөөнөөс хол зайд, тусдаа байхаар тохижуулах нь зүйтэй гэнэ. Тэндээс зөвхөн арааны шүлс асгаруулам амтат хоол л гарах үүрэгтэй. Хамгийн чухал нь эрүүл, чанарлаг хүнс сонгож, хэрэглэхээ мартуузай. Ингээд амтат, эрүүл хоолоо үзэмжтэй сайхан таваглаж сурах хэрэгтэй гэнэ шүү. Хоолыг үзэмжтэй сайхан таваглах нь хэтрүүлж идэлгүйгээр таашааж, амтархан идэхийн гол түлхүүр нь ажээ.

3.    Зочны өрөө хамгийн тансаг байх ёстой

Францчууд зочны өрөөг хамгийн дээд зэрэглэлийн өрөө гэж үздэг байна. Зочны өрөөнд зөвхөн чамин тансаг, дээд зэрэглэлийн тавилгууд байрлах ба уг өрөөг зочдыг дайлж, бие биетэйгээ халуун дулаан яриа өрнүүлэхэд тохиромжтой байдлаар тохижуулах ёстой гэж үздэг байна. Тийм чамин тансаг тавилга дээр хэн ч замбараагүй сууж, идэж уух зүйлээ гоожуулан, дусаах зэргээр бүдүүлэг үйлдэл гаргаж чаддагүй гэнэ шүү. Хэрэв ийм үйлдэл гаргавал дэгжин нэгэн болох тухай мөрөөдөх эс бөгөөд Парист ч амьдрах эрхгүй ажээ.

 4.    Дасгал хөдөлгөөн ба эрүүл амьдрал

Францчууд фитнесст явдаггүй гэнэ. Гэрийн эзэгтэй нар өдөр бүрийн хүнсээ өөрсдөө явж цуглуулдаг ажээ. Мөн ихэнх иргэд метрогоор ажилдаа явахын зэрэгцээ метроноос буугаад ажил, сургууль, гэр хүртлээ явган алхахыг чухалчилдаг байна. Түүнчлэн ажлаа тараад паркаар зугаалах, голын эргээр алхах, уран зураг, кино үзвэр үзэх, дэлгүүр хоршоогоор явах зэргээр амьдралын хором бүрээс аз жаргалыг мэдэрч, хөдөлгөөнтэй амьдардаг гэнэ. Энэ нь хөдөлгөөний дутагдалд орохоос сэргийлдэг ажээ. Залхуу, сул дорой байдлыг Франц хүмүүс үзэн яддаг ба тэд гэрээ өөрсдөө цэвэрлэж, машин унахгүй, цахилгаан шат ашиглахгүй, бүх ажлаа явган явж амжуулдаг учраас байнгын идэвхтэй хөдөлгөөнтэй, хурдан шаламгай байж чаддаг байна. Энэ нь мэдээж мөнгөнд хэмнэлттэй, эрүүл, эрч хүчтэй амьдрахад ч тустай байдаг аж.

5.    Гэрийн ажлыг дасгал хөдөлгөөн болгох

Заавал Францчууд шиг бүгдийг нь өөрсдөө хий гэж хэлэхгүй ч хэр их ажлыг өөрөө амжуулна, төдий чинээ эрүүл байж, бие галбираа сайхан хэвээр хадгалж үлдэх боломжтой. Гэртээ энгийн цэвэрлэгээ хийхэд нэлээд калор шатаадаг бол үүн дээрээ багахан хөдөлгөөн нэмээд өгөхөд гайхалтай үр дүнг мэдрэх болно. Жишээ нь, тоосоо соруулж байхдаа туялзуур жадаар тулалдаж байгаа мэт хөдөлгөөн хийх, сандлынхаа хөлийг арчиж байхдаа хөл дээрээ босч, суух дасгалыг давтан хийх зэргээр энгийн дасгал хөдөлгөөнийг гэр цэвэрлэгээтэй хослуулаад үзээрэй.

Энэ хугацаандаа эрч хүч өгөх сайхан дууг чангахан тавиад өгөхөд ч ажлыг маналзуулаад өгнө гэнэ шүү.

6.    Жижиг шүүгээ ба цөөн, чанартай хувцас

Минимализмын гол агуулга нь тооны хувьд цөөхөн цэгцтэй байх үндсэн чанарыг чухалчилдаг. Парис маягийн минимализмын чухал хэсэг нь тэдний дэгжин хувцаслалт юм. Тэд үрчгэр, муухай хувцасладаггүй. Та санаж байгаа бол Франц хүмүүс хамгийн дэгжин бас романтик хүмүүс.Тэгвэл тэдний хувцаслалтын гол нууц нь өөрийнхөө биеийн галбирт тохируулан донжтой, загварлаг хувцаслахад байдаг гэнэ. Гэхдээ цөөхөн, чанартай. Улирал бүр өмсөх хувцсаа л шүүгээндээ ялгаж хийх бөгөөд хэрэггүй хувцсаа далд хийж, хуучирч, муудсан, дахиж хэзээ ч өмсөхгүй хувцсаа хаядаг байна. Дэлгүүрээс худалдан авалт хийхдээ өөрт хамгийн ихээр зохидог чанартай брэндийн хувцсыг сонгож, түүнийгээ бусад хувцастайгаа хослуулан өмсөхийг илүүд үздэг байна.

Яг одоо та шүүгээгээ онгойлгоод үз. Танд өмсөхгүй, хэрэггүй хувцас хэр их байна вэ?

Ялган ангилахад бэлэн үү. Хэрэв тийм бол дараах асуултын дагуу ялгаад үзээрэй.

  • Энэ хувцас одоо ч надад таалагддаг хэвээрээ юу?
  • Би энэ хувцсыг өмсдөг үү?
  • Энэ хувцас надад таардаг бас зохидог уу?
  • Энэ хувцас намайг бүрэн илэрхийлж чадаж байна уу?
  •   Чамд зохидог, чамайг сайхан харагдуулдаг өнгө юу вэ?

Эдгээр асуултыг өөрөөсөө асууж үзээд хувцаснуудаа харамсалгүй ялгаж, цэгцлээд үзээрэй. Ингэснээр хэзээ ч өмсөхгүй хэрнээ худалдаж авсан эсвэл олон жил болж, өнгө загвараа алдсан хувцаснуудаа ч хаяж, шүүгээгээ цэгцэлж чадна.

Дараа нь өөртөө байгаа хувцаснуудаа донжийг олж өмсөх болон зөвхөн өөртөө зохих шинэ, чанартай хувцсаар шүүгээгээ чимэх боломжтой болно. Ингэж чадвал өглөө бүр тун цэгцтэй шүүгээ онгойлгож, хувцас сонгож өмсөхдөө ч цаг алдахгүй шүү дээ. Түүнчлэн өөрийн гэсэн хэв маяг, стиль, өөрт зохидог хувцсаа олж чадвал “Ямар хувцас худалдаж авах вэ” гэж эргэлзэж тээнэгэлзэхээ ч болино. Өөрийн гэсэн имиджээ бүрдүүлж чадсан хүмүүс илүү хүчирхэг, өөртөө итгэлтэй харагддаг.

7.    Гэртээ сайхан хувцаслаж, гэрийн ажил хийхдээ хормогч зүүх

Хоол хийхдээ ч, гэрийн ажлаа хийхдээ ч хормогчтой байхад хувцас муухай болохгүй. Үүний зэрэгцээ гэртээ ч цэвэрхэн, цэгцтэй хувцаслаж хэвших хэрэгтэй. Энэ бол Франц эзэгтэйн дэгжин амьдралын жор юм. Францчуудын хувьд хувцаслалтад ихэд ач холбогдол өгдөг байна. Тэд хэнтэй ч таарсан нүүр улайхааргүй хувцаслахыг эрхэмлэдэг ба тэр ч утгаараа гэртээ ч цэгцгүй байхыг хүсдэггүй аж.

8.    Стрессээс ангид байх

Стресс хэрхэн биед нөлөөлж байгааг мэдэх арга бол арьсаа ажиглах юм. Тиймээс стресстэхгүй байхын тулд чадах бүхнээ хийгээрэй. Арьсаа үргэлж арчлан, тохирох бүтээгдэхүүнээ хэрэглэхийн зэрэгцээ амьдралаас таашаал авах, эерэг энергитэй зүйл цаг, заваа зарцуулах нь Франц амьдралын бас нэгэн жор юм. Хатагтай Шикийн хувьд хотоороо салхи татуулан зугаалах, оройн хоолны үдэшлэг хийх болон хийж байгаа бүх зүйлдээ чин сэтгэлээ зориулж, түүнээсээ таашаал авдаг нэгэн аж. Харин зохиогч, жүжигчин Женнифер Л.Скоттын хувьд тогтмол иллэг, массаж хийлгэх, иогоор хичээллэх, анхилуун үнэртэй ванд хэвтэх, гадуур салхинд алхах, төгөлдөр хуур тоглох, хөгжим сонсож, бүжиглэх зэргээр стресстэй тэмцдэг байна.

Арьсаа хамгаалах тухайд сайн тос, серумаас гар татах хэрэггүй. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, арьсны онцлогоо таньж мэдсэний дараа өөрт тохирох хамгийн сайн бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвших хэрэгтэй. Энэ нь таныг стрессээс аварна. Мөн хамгийн чухал нь үргэлж инээмсэглэж, өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж сурахыг хичээгээрэй.

9.    Эмэгтэйлэг байдлаа хэзээ ч бүү алд

Эмэгтэй хүн бол байгалиасаа гоо сайхан төрсөн. Тийм байх ч заяатай. Энэ бол Франц эмэгтэйчүүдийн дүрэм. Тэд үс сайхан бол зүс сайхан, хувцаслалт бол өөрийнх нь толь, тусгал гэж үздэг. Тиймдээ ч хайш, яайш үсний засалттай, арзгар үстэй, пааргар хувцасласан эмэгтэйг Парисаас тийм ч олныг олж харахгүй. Эмэгтэйлэг харагдахад гадаад төрх хамгийн чухал гэнэ. Гэхдээ эмэгтэйлэг төрх гэдэг нь тун гэгээлэг, энгийн байдал ба хэтрүүлсэн гангараа биш ажээ. Өөрөөр хэлбэл, энэ нь өөртөө тохирсон донжтой хувцсыг сайхан арьс, цэвэрхэн будалттай хослуулсан өөртөө итгэлтэй, эрүүл амьдралын хэв маягтай бүсгүйчүүдийг илтгэсэн үг аж. Сайхан хувцасласан нэгэн үргэлж харц өөдөө, нуруу тэнэгэр явдаг билээ. Франц эмэгтэйчүүдийн ихэнх нь эрүүл, намирсан, нэг тийм донжтой үсний засалттай боловч богино цэвэрхэн будалттай хумсыг илүүд үздэг. Энэ нь тэднийг ихэд цэмцгэр, цэвэрхэн харагдуулдаг байна.

10. Сайхан үнэрт сүрчиг

Ингээд эцэст нь, сайхан эзэгтэй танд Парис маягийн минималист амьдралын жор таалагдаж байвал өөрийн гэсэн сүрчигтэй болохыг зөвлөж байна.

Хэн нэгэнтэй мэндчилэхдээ түүнд ойртож, нөгөө хүнийхээ таашаадаг үнэрийг үнэртэх нь үгээр илэрхийлэхийн аргагүй нандин мэдрэмжийг төрүүлдэг. Яг л түүний чухал нууцыг нь хуваалцаж, түүний өөрийн гэсэн эмэгтэйлэг чанар, дотоод ертөнц рүү сэм өнгийж үзсэн мэт сэтгэгдэл төрүүлдэг. Энэ гайхамшигт зүйл бол үнэртэн юм. Сайхан сүрчиг таны зиндааг илтгэнэ. Өөрийн дуртай үнэртэн, сүрчгийг хайж олох ажил ямар зугаатай гээч. “Энэ л яг миний үнэр мөн байна” гэж зөнгөөрөө мэдрэх тийм үнэрийг олбол биеэсээ хэзээ ч бүү салга.

Уншсан номын тэмдэглэлээсээ уншигчдадаа хуваалцав. Мэдээж, 100 хувь танд таалагдахгүй байж болох ч хэрэгжүүлж болох санааг хэвшүүлэх гэж хичээгээрэй. Дэгжин бүсгүй танд амжилт хүсье. Ингээд энэхүү бичвэрээ номын зохиогчийн хэлсэн ишлэлээр дуусгая.

Өөрийгөө яавал сайхан харагдаж болохоо мэдэж аваад, үргэлж биеэ цэмцгэр авч явахад анхаараарай. Өөртөө итгэлтэй байдал, хошин шогийн мэдрэмж, сониуч зан буюу нүдэнд харагдахгүй эмэгтэйлэг чанар хамгийн чухал нь. Үргэлж хамгийн сайныг хэрэглэж бай.  Женнифер Л.Скотт

 

Эх сурвалж: Four seasons melody magazine,  №62 дахь дугаар. П.Мөнхжаргал