-ЦАГ ҮЕЭ ОЛСОН ШИНЭ САНАА ГЭНЭТ ТӨРВӨЛ ТУРШААД ҮЗЭЭРЭЙ-
Сургуулиасаа хандив цуглуулахаар эмэгтэйчүүдэд зориулсан үнэртэй лаа хийж суусан эгчийгээ шоолж суусан 14 настай хүүд гэнэт мэргэн санаа төрөв. Тэр яг үүний адил эрэгтэйчүүдэд зориулсан лаа хийхээр шийдэж, эцэг эхээсээ 200 ам.долларын хөрөнгө босгосноор амьдралаа бүхэлд нь өөрчилсөн юм. Энэ бол АНУ-д алдаршсан “Маn Cans” нэртэй лааны үйлдвэрийн эзэн Харт Мэйний түүх.
Тэр ердөө 14 настай байхдаа ийнхүү тун санамсаргүй байдлаар бизнесийнхээ гарааг эхлүүлсэн гэдэг. Өдгөө түүний лаа АНУ-ын 60 гаруй дэлгүүрт худалдаалагддаг ба нэг зуны дотор л гэхэд 9000 ширхэгийг борлуулж чаджээ.
Харт Мэйн энэхүү гарааны бизнесээ гэр бүлийн бизнес болгон өргөжүүлсэн төдийгүй задгай гал, бэйкон, модны үртэс, дөнгөж хяргасан зүлэг, өвөөгийн гаансны үнэр гэх мэт олон нэр төрлөөр үйлдвэрлэдэг болсон байна. Тэрээр цаашид ч лааны бизнесээ илүү “томруулахаар” маш шаргуу ажиллаж байгаа гэнэ.
Бизнесийн санаа магадгүй олон өдөр таныг хулжаадаг эс бөгөөс олон сар жилээр төлөвлөөд зовоодог зүйл ч бас биш бололтой. Магад танд цаг үеэ олсон шинэ санаа гэнэт төрвөл туршаад үзэхэд гэмгүй юм.
-9 НАСТАЙ ХҮҮ ХАЯГДАЛ МАТЕРИАЛААР БИЗНЕСЭЭ БОСГОВ-
Өөр нэг түүх сонирхуулахад, 9 настай Кейн Монрой гэх хүү цаасан хайрцгаар хийсэн тоглоомоор гарааны бизнесээ эхлүүлжээ. Ердөө цаасан хайрцаг. Таны өдөр тутмын хэрэгцээндээ ашиглаад хаядаг тэр каритон цаасыг хэлээд байгаа юм. Хүү тэрхүү цаасыг ашиглан олон төрлийн тоглоом хийж, үеийнхээ хүүхдүүдийг 1-2 ам.доллараар 4-5000 удаа тоглуулахын зэрэгцээ “Кэйний аркэйд” гэсэн бичигтэй футболка зардаг байна. Одоогийн байдлаар Кэйн хандиваас л гэхэд 212 мянга гаруй ам.доллар босгож чаджээ. Түүнийг алдаршуулсан гол зүйл нь YouTube болон Vimeo дээр байршуулсан 11 минутын видео танилцуулга бөгөөд тус видеог маш олон хүн үзсэнээр ийнхүү аавынх нь автомашины сэлбэгийн дэлгүүр хүүгийн тоглоомын дэлгүүр болон өргөжжээ.
Гайхалтай биш гэж үү. Ердөө 9 настай хүү өөрийн бизнесээ гар доорх хаягдал материал ашиглан эхлүүлсэн байна шүү дээ. Тэрчлэн хүү дэлхий нийтийн хамгийн идэвхтэй ашигладаг нийгмийг сүлжээнд тун гаргууд маркетинг хийсэн нь түүнд амжилт авч ирсэн нэгэн жишээ энэ юм.
Энэ мэтчилэн балчир насандаа бизнесээ эхлүүлж, амжилтаа дархалсан энтерпренерүүд дэлхийд олон бий.
Мөн энд, “Super Jam” жимсний чанамалын үйлдвэрийн эзэн Фрэйзер Доэртигийн түүхийг онцлоё. Тэрээр мөн л 14 настайдаа гарааны бизнесээ эхлүүлсэн ба эмээгийнхээ жороор жимсний чанамал хийж, зарсан нь асар их амжилтыг түүнд авч ирсэн байна.
Өдрөөс өдөрт маш эрэлт нь нэмэгдэж эхлэх үед Доэрти сургуулиа орхиж, өдөрт 200 гаруй ажилтантай томоохон үйлдвэр түрээслэж, тусгай жорын дагуу жимсний чанамалаа үйлдвэрлэж эхэлжээ. Удалгүй Их Британийн өндөр зэрэглэлийн супермаркетаас түүний бүтээгдэхүүнийг борлуулж, хамтран ажиллах санал тавьснаар ““Super Jam” жимсний чанамал Европ даяар хурдацтай борлуулагдах суурь нь тавигдсан гэдэг.
Дээрх иш татсан дэлхийн хамгийн залуу энтрепренерүүдийн хувьд өдөр бүрийн энгийн хэрэгцээний төдийгүй бидний тэр бүр анзаарахгүй орхидог зүйлсийг цаг үеэ мэдэрч, бизнес болгосон нь эздэдээ итгэмээргүй амжилтыг авч ирсэн юм.