Халтирч унахаас сэргийлж, зөөлөн, резинэн ултай гутал өмсөхийг зөвлөлөө

Цас орсны улмаас зам, гудамж талбайд халтиргаа гулгаа үүсжээ.

Үүнтэй холбоотойгоор осол гэмтлийн эрсдэл нэмэгдэж байгаа тул иргэд, аж ахуйн нэгжүүдэд мэргэжлийн байгууллагаас дараах зөвлөмжийг хүргэлээ.

Ялангуяа цас орсон өдрүүдэд дунджаар 100 орчим явган зорчигч халтирч унаснаас шалтгаалан, гэмтэл авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд ханддаг гэх тоо баримт байдаг аж. Иймд Хог хаягдлын тухай хуульд заасны дагуу байгууллагууд ойролцоох 50 метр орчмын цасыг цэвэрлэх үүргээ биелүүлэхийг ТЦА-наас сануулав.

ЗӨВЛӨМЖ

Иргэд:

Цас, мөсөн дээр халтирч унахаас болгоомжлон зөөлөн резинэн ултай эсвэл халтиргаанаас хамгаалсан ултай өвлийн гутал өмсөх,

Дулаан хувцаслах,

Архи дарснаас татгалзах, хэрэглэсэн тохиолдолд хэтрүүлэн хэрэглэхгүй байх,

Ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг ханган ажиллах,

Жолооч, явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах,

Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул мөс цөмрөх аюулаас сэргийлэх,

Эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах,

Тээврийн хэрэгслээр хүүхдийг авч явахдаа хамгаалах бүс, хүүхдийн зориулалтын суудлыг заавал хэрэглэж хэвших,

Айл, өрх бүр ойр орчмынхоо цас мөсийг цэвэрлэж, аюулгүй орчныг бүрдүүлэх,

Гэр хорооллын айл өрхүүд муу ус, угаадас, үнсээ ил задгай хаяхгүй байх,

Аж ахуйн нэгжүүд:

Албан байгууллага бүр орчныхоо цас, мөсийг цэвэрлэж, халтиргаа гулгаа үүсгэхгүй байх нөхцөл бүрдүүлэх,

Эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхийн тулд ойр орчныхоо осол гэмтэл гарч болзошгүй нүх шуудуу, замын хажууд анхааруулах тэмдэг байршуулах,

Байгууллага ажиллагсдынхаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдүүлж хяналт тавьж ажиллуулах,

Ойр орчноо цэвэрлэсэн эсэхэд нь Хог хаягдлын тухай хуулийн 9.4-т заасны дагуу сум, дүүргийн Засаг дарга нарын зүгээс анхаарал хандуулах,

Гудамж талбайд хүн осгосон ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй байгаа бол яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдэх буюу анхны тусламж үзүүлэх,

Гөлгөр гадаргуутай хавтангаар явган хүний зам, талбай хийхгүй байх. Ийм хавтангаар зам талбай хийсэн бол халтирахаас хамгаалсан наалт наах,

Ойр орчмынхоо 50 метр орчмын талбайн цас, мөсийг цэвэрлэхийг зөвлөв. Хэрэв тухайн талбайд халтирч унаснаас бэртсэн бол иргэд халтирч унаад бэртсэнээ баримтжуулан хохирлоо нэхэмжлэх эрхтэйг санууллаа.