Хүүхдэдээ олон нэр төрлийн, тэжээллэг, амин дэмтэй хоол хүнс өгөх нь хэвийн өсөлт хөгжилд нь маш чухал гэдгийг бид мэднэ. Гэвч хүүхдээ томортол нь зайлсхийх шаардлагатай тодорхой төрлийн хүнсний зүйлс байдгийг анхаарах хэрэгтэй. Бупа Кромуэлл Эмнэлгийн Хүүхдийн Хооллолтын мэргэжилтэн Бианка Параугийн зөвлөмжийг та бүхэндээ хүргэж байна.
ЗӨГИЙН БАЛНААС ТАТГАЛЗ
Нэг хүртэлх насны хүүхдэд зөгийн бал өгөхөөс эрс татгалзах хэрэгтэй. Зөгийн баланд нярайн ботулизм өвчнийг үүсгэгч нян агуулагдаж байх эрсдэл өндөр байдаг. (Clostridium botulinum нянгаар үүсгэгддэг, амьсгалын дутагдалд оруулж, улмаар үхэлд хүргэх аюултай өвчин) Зөгийн балнаас халдварласан ботулизмын нянгийн спор нялх хүүхдийн биед орсноор нээгдэн, ботулизмийн хороо ялгаруулж ноцтой өвчлөлийг үүсгэдэг. Насанд хүрсэн болон том хүүхдийн биед эдгээр спор орсон ч онцын аюултай өвчлөл үүсгэдэггүй байна.
ЭЛЭГ, ЭЛЭГНИЙ НУХАШ ӨГӨХӨӨС ЗАЙЛСХИЙ
Амьтны элэг А амин дэмээр маш баялаг байдаг тул нэг хүртэлх насны хүүхдэд хамаагүй өгч болохгүй. Учир нь их хэмжээний А амин дэм биед хуримтлагдаж, хортой нөлөө үзүүлдэг байна. Нэг наснаас хойш элэг идэхэд асуудалгүй.
Аюулгүй байдал хамгийн чухал
Зарим хоол хүнсний зүйлсээс хоолны хордлого авах эрсдэл өндөр байдаг. Тиймээс нялх хүүхдүүдэд дараах хүнсний зүйлсийг өгөхөөс зайлсхийх хэрэгтэй. Үүнд:
- Зөөлөн, хөгцтэй бяслагууд /Брие, Камемберт/
- Түүхий эсвэл хагас болгосон нялцгай биет
- Хагас болгосон эсвэл түүхий өндөг
САМАР ӨГӨХДӨӨ АНХААРАХ
Тав хүртэлх насны хүүхдэд хахах эрсдэлээс сэргийлж бүхэл самар өгөхөөс зайлсхийх хэрэгтэй. Түүнчлэн бага насны хүүхдүүд самарнаас харшлах магадлалтай байдаг тул болгоомжтой байх нь чухал. Хэрэв танай гэр бүлд самарны харшилтай хүн байдаггүй бол хүүхдээ 6 сар хүрмэгц нь самарны нухаш өгч болно.
СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮН ӨГӨХДӨӨ АНХААРАХ
Сүү, сүүн бүтээгдэхүүн нь уураг, кальциар баялаг бөгөөд хүүхдийн ясны хөгжилд сайн нөлөөтэй байдаг. Гэхдээ сүүн бүтээгдэхүүнийг хүүхдийн хөгжлийн үетэй уялдуулж өгөх нь чухал.
1 хүртэлх насны хүүхдэд хөхний сүү болон хүүхдийн нэмэлт тэжээл л тохиромжтой. Үнээний сүүг энэ насанд дангаар нь өгөхийг хориглодог. Учир нь үнээний сүү их хэмжээний уураг, эрдэс бодис, шингэц муутай өөх тос агуулдаг учир хүүхдийн бөөр, ходоодыг ихээр ачаалдаг. Мөн төмөр, иод, Д амин дэм зэрэг чухал шаардлагатай бодис бага агуулагддаг байна. Тиймээс хүүхэд 6 сар хүрснээс хойш, бага хэмжээгээр хоол бэлдэхдээ л нэмэлтээр ашиглаж болно.
Ямааны болон хонины сүүг 1 хүртэлх насны хүүхдэд өгөхөөс зайлсхий. Эдгээр сүүнд хүүхдийн өсөлт, хөгжилд шаардлагатай шим тэжээл хангалттай хэмжээгээр агуулагддаггүй.
5 хүртэлх насанд хүүхдийн бие эрчимтэй өсөж байдаг учраас, хоол хүнснээсээ хангалттай тэжээл авч байх шаардлагатай. Тиймээс энэ насны хүүхдүүдэд тослоггүй сүү аль болох өгөхгүй байх хэрэгтэй.
Хүүхдэдээ амьтны гаралтай сүү өгөхөөс татгалзаж, ургамлын гаралтай сүү /буурцаг, буйлсан самарны сүү/ өгөх гэж байгаа бол 2 нас хүртэл нь хүлээ. Баяжуулсан ургамлын сүү нь хангалттай хэмжээний эрдэс бодис агуулдаг ч, ихэнх тохиолдолд хүүхдэд хэрэгцээтэй зөв өөх тосоор дутмаг байдаг. Тиймээс 1 наснаас нь хойш хааяа бага хэмжээгээр өгч болно.
Хүнсний Стандартын Агентлаг 5 хүртэлх насны хүүхдэд будааны сүү өгөхөөс татгалзахыг зөвлөдөг.
ДАВСНЫ ХЭРЭГЛЭЭНД БОЛГООМЖТОЙ ХАНДАХ
Боловсруулсан бүтээгдэхүүнд давс их хэмжээгээр орсон байдаг тул худалдаж авахдаа шошгыг нь сайтар шалгаж байх хэрэгтэй. Хүүхдийн наснаас хамаарсан өдөрт хэрэглэх давсны дээд хэмжээ:
6 сар хүртэлх: 1 граммаас бага
6-12 сар хүртэл: 1 грамм
1-3 нас: 2 грамм
Энэ бол давсны хэрэглээний хамгийн дээд хэмжээ гэдгийг сана. Энэ хэмжээг аль болох бага байлгах нь хүүхэд давсны дуршилтай болохоос сэргийлнэ.
ХИЙЖҮҮЛСЭН УНДААНААС ТАТГАЛЗАХ
Хийжүүлсэн ундаанд их хэмжээний чихэр агуулагддаг учраас хүүхдийн шүд, ясанд сөргөөр нөлөөлж, таргалуулах эрсдэлтэй. Хүүхдэдээ аль болох цэвэр ус уулгаж байх хэрэгтэй. Хааяа жимсний цэвэр шүүсийг усаар шингэлж өгч болно.
КОФЕ, ЦАЙГ ТОМЧУУДАД ҮЛДЭЭ
Цай, кофенд агуулагддаг таннин бодис нь хүүхдийн бодисын солилцоо, шим тэжээлийг шимэгдэлтэнд саад болдог учраас зөв сонголт биш.
Эх сурвалж: http://www.bupa.co.uk/