Эрүүл Мэндийн Яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд эрт илрүүлэг үзлэг оношилгоо, шинжилгээний явцын талаарх мэдээллийг өглөө.
Тэрбээр "Улс даяар 2022 оны тавдугаар сарын 1-нээс эрт илрүүлэг, үзлэг шинжилгээ эхэлсэн.
Үүнээс хойш арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн байдлаар нийт 707,776 иргэн эрт илрүүлгийн үзлэгтээ хамрагдсан. Үүнээс 45.8% нь эрэгтэй, 54.2% нь эмэгтэй иргэд байгаа бол байршлын хувьд 50.1 хувь нь Улаанбаатар хот, 49.9 хувь нь хөдөө, орон нутагт байгаа юм.
Мөн нийт илрүүлэгт хамрагдсан иргэдийн 69% нь 0-17 насны хүүхдүүд, 31.5% нь насанд хүрэгсэд буюу 18-аас дээш насныхан байна" гэлээ.
Нийслэлийн иргэдийн шинжилгээнд хамрагдсан үр дүнг дүүрэг тус бүрээр задалбал:
Баянгол 38,6%
Баянзүрх 24%
Налайх 30.8%
Сонгинохайрхан 12.6%
Сүхбаатар 27.6%
Хан-Уул 19.4%
Чингэлтэй 18.7% гүйцэтгэлтэй тус тус явж байна.
Эрт илрүүлгийн шинжилгээнд нийт 707,776 иргэн хамрагдсанаас 699,000 иргэний шинжилгээний хариу бүрэн гарч иргэдэд хүрсэн байгаа аж. Иргэд эрт илрүүлгийн шинжилгээний хариугаа E-Mongolia цахим хаягаас өөрийн регистрийн дугаараар татаж авах бүрэн боломжтой юм байна.
Эрүүл Мэндийн Яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд "Үзлэгийн дүгнэлт гарч дууссан хүн амаас өвчлөлийн 390,925 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 57.1% эмэгтэй, 42.9% эрэгтэй байсан.
Нийт өвчлөлийн тохиолдлоос
Хоол боловсруулах тогтолцооны эмгэг - 64.9%
Дотоод шүүрэл, тэжээл бодисын солилцооны үрэвсэл - 9.1%
Шээс, бэлгийн тогтолцооны эмгэг - 6%
Зүрх судасны тогтолцооны эмгэг - 5.8%
Амьсгалын тогтолцооны эмгэг - 4.2% бүртгэгдсэн бөгөөд эдгээр таван өвчлөл нийт иргэдийн 90%-ийг эзлээд байгаа нь анхаарал татахуйц байна.
ЭМЯ-ны зүгээс эрт илрүүлэг үзлэг шинжилгээний дүгнэлтээс хамааран иргэд рүү чиглэсэн эрүүл мэндийн боловсрол олгох нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажиллаж байгаа. Мөн энэ хугацаанд хортой, хоргүй хавдрын нийт 2,796 сэжигтэй тохиолдлыг илрүүлсэн бөгөөд эдгээр тохиолдлын оношийг тодруулахаар дараагийн шатны байгууллагад шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар хортой хавдрын 135 шинэ тохиолдлыг илрүүлэн, оношийг баталгаажуулж, эмчилж эхэлсэн" гэлээ.