“Монгол бахархал – Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын шинэ уран бүтээл “Тэнгэрийн элч” үндэсний түүхэн дуурийг энэ сарын 25-ны өдөр ганцхан удаа тоглохоор болжээ. Уг дуурьд Их эзэн Чингис хааны шадар нөхөр, үнэнч анд Боорчийн эр зориг, хүн чанар, анд нөхөрлөлийн эрхэм үнэ цэнийг өгүүлэх бөгөөд Монголын төрт ёс, түүх, соёл, өв уламжлал, эр хүмүүний үнэнч сэтгэл, нөхөрлөлийн мөн чанарыг дуурийн урлагаар илэрхийлсэн түүхэн бүтээл юм.
Тэмүжин эцэг Есүхэй баатраас өвлөн үлдсэн найман шарга морьдоо алдаж, эрэлд мордон Хөхүүрийн талд хүрэхдээ Аралуд аймгийн Наху баяны хүү Боорчтой учран танилцаж, анд нөхөд болсноор тэдний түүхэн нөхөрлөлийн эхлэл тавигдана. Энэхүү учралаас эхлэн Их Монгол Улсыг нэгтгэн байгуулж, төр улсаа төвхнүүлэх их үйл хэрэгт мөр зэрэгцэн зүтгэсэн Боорчийн хувиршгүй үнэнч сэтгэл, анд нөхрийн ариун тангараг, эх орон, төр улсынхаа төлөөх зүтгэлийг уран сайхны аргаар өгүүлнэ.
Түүхэн нөхөрлөл, үнэнч сэтгэл, монгол эр хүний эрхэм чанарыг тайзнаа амилуулах энэхүү бүтээлийг Улаанбаатар театрын тайзнаа тоглоно.

















































