АНУ, Умард Солонгосын хоорондын хэлэлцээрт ахиц ажиглагдахгүй байна

БНСУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар АНУ, Умард Солонгосын хооронд яриа хэлэлцээ эхлэх боломжтой холбоотой ямар нэг онцгой ахиц, үйл явдал ажиглагдаагүй гэж мэдэгдсэнийг Ёнхап агентлаг мэдээлжээ.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Жэ Мён болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) дээд хэмжээний уулзалтын хүлээн авалтын үеэр 10 орчим минут ярилцахдаа Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаах асуудлаар санал нэгдсэн гэж Ёнхап пүрэв гарагт мэдээлжээ. Хоёр удирдагч Умард Солонгос, тэр дундаа цөмийн хөтөлбөрийн талаар ярилцсан ч дэлгэрэнгүй хэлэлцээгүй байна. И Жэ Мён Оросын Солонгос хоорондын харилцаа болон Умард Солонгос-АНУ-ын харилцааны талаарх байр суурийг сонсох боломжтой болсон гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан тушаалтан мэдээлжээ.

Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газар Хятадтай байгуулсан үйлчилгээ, хөрөнгө оруулалтын хэлэлцээр нь Бээжингийн Солонгосын соёлын контентод тавьдаг албан бус хязгаарлалтыг зөөлрүүлэхэд “тодорхой ахиц” гаргасан аж. Эдгээр хязгаарлалт нь Хятадын албан ёсны арга хэмжээ биш байсан ч уг хэлэлцээрээр Солонгосын контентыг бусад улсын контентоос дор үзэж, ялгаварлан хандахгүй гэдгийг баталгаажуулсан байна. Мөн Хятадад K-pop тоглолт зохион байгуулах боломж нээлттэй хэвээр байгаа гэдгийг тодорхой болгожээ.