УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга санаачилсан юм.
Тогтоолын төсөлд Их Монгол Улсын түүхэнд хамаарах үйл явдал, түүх, соёлын дурсгалт газрыг шинээр олж тогтоох, хамгаалах, нөхөн сэргээх, Их Эзэн Чингис хааны үйл хэрэг, Их Монгол Улсын үүсэл, хөгжлийн бичмэл эх сурвалж, археологийн, угсаатны зүйн судалгааны бүтээлүүдийг судлах, хэвлэн нийтлэх, урлаг, соёлын бүтээл туурвих, сурталчлах ажлыг дэмжих, эрчимжүүлэх, татвараас чөлөөлөх, хааны нэр, эш хөрөг, гэрэгэ, Монголын нууц товчоо, Их Монгол Улсын бэлгэдэлд хамаарах зүйлсийг ашиглах асуудлыг журамлах, гадаад улс орнуудад хадгалагдаж байгаа түүхийн эх сурвалж, эд өлгийг олж тогтоох, эх хувь болон хуулбарыг татан авах талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулж танилцуулахыг Засгийн газарт даалгахаар тусгасан байна.
УИХ-ын дарга С.Бямбацогт Их Эзэн Чингис хааны мэлмий гийсэн “Монгол бахархлын өдөр” УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдуулахаар товлосон талаар танилцуулж, Их Монгол Улс болон Чингис хааны түүхтэй холбоотой 300 гаруй олдвор, сурвалж баримт одоогоор дэлхийн 17 улсад байгаагийн 80 нь Тайвань Улсад, 62 нь БНХАУ-д, 53 нь Япон Улсад, тав нь АНУ-д, мөн тав нь ХБНГУ-д байгааг нэрлэв. Эдгээрээс болж өгвөл татаж авчрах, болохгүй бол хуулбар хувийг авч, ард иргэддээ таниулж сурталчлах ажлыг хойшлуулалгүй эхлүүлэх нь зүйтэй гэж үзсэнээ УИХ-ын дарга тайлбарлан, энэ мэт ажилд шаардагдах зардлыг шийдвэрлэх үүднээс онцгой албан татварын тодорхой хувиар сан бүрдүүлэх асуудлыг судалж, санал боловсруулахыг Засгийн газарт даалгах юм гэлээ.
Тогтоолын төслийг УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжин баталлаа. Тогтоолын төслийг энэ сарын 10 буюу Монгол бахархалын өдрөөс дагаж мөрдөх юм.

















































